Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдаж, их, дээд сургуулийн босго алхдаг. Тус ажлыг жил бүр Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг. Энэ жил 39 мянга гаруй сурагч уг бүртгэлд хамрагдсан байна. Харин элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-19-ний өдөр болно. Энэ онд ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа суралцагчдын шар хуудас болон батламж картыг сурч буй сургуулиар нь дамжуулан тараах юм байна. Харин өмнөх оны төгсөгчдийн шар хуудсыг "Соёмбо" дээд сургууль дээр энэ сарын 8-наас эхлэн тараасан. Тэгвэл шар хуудас тараах ажил өнөөдөр дуусч байгаа бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсны дараа батламж картыг мөн тус сургууль дээр тараах юм байна. Шалгуулагчид бүртгэлийн хуудсан дээр тамга дарж гарын үсэг зурж баталгаажуулах учир бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхээ авч ирэхийг Боловсролын үнэлгээний газраас анхааруулж байна. Дашрамд дурдахад, энэ жилийн шалгалтын үргэлжлэх хугацаанд өөрчлөлт орж, математик, физик, химийн хичээлийн гүйцэтгэх хугацаа 100 минут болсон билээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )