Он гарснаас хойш бүр тодруулбал сүүлийн дөрвөн сарын турш коронавирус дэлхий ертөнцийн анхаарлын төвд байлаа. Анхандаа БНХАУ-д тэр дундаа Хубэй мужийн Ухань хотод л тархсан энэ вирус Ази тивийг, цаашлаад буурал европыг байн байсаар бүх дэлхийг хамрав. Яг одоо энэ вирус дэлхийн 3.1 сая хүнд халдварлан, 227.7 мянган хүн энджээ. Тэр дундаа Монгол Улсад вирусээр 38 хүнд халдварлаж, 10 хүн бүрэн эдгэрээд байна. Золоор нэг ч хүний амь нас эндсэнгүй. Сүүлийн үед коронавирусний халдварын тухай мэдээлэх нь тооны уралдаан шиг болсон тул чухам энэ үйл явдлын дараах дэлхий ертөнц хэрхэн оршихыг зураглая. Зураглахдаа Атлантын зөвлөл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгааг үндэслэн зураглах болно.
“Ковид-19”-ын эхний төрх: Манлайлал өөрчлөгдөнө
Бүх дэлхийг авран хамгаалдаг АНУ ч, дэлхийн эдийн засгийн голыг нугалдаг гэж хоёр зууны турш бодсоор ирсэн баруун европын орнууд ч “ковид-19” цар тахлын үеэр системийн шинж чанартай шоконд оров. Дан ганц эрүүл мэндийн салбарын шокноос гадна нийгмийн халамж, бодлого, хямралын үеийн менежмент зэрэгт асар хүчтэй шанаа өгсөн юм. Үнэн хэрэгтээ 1918 оноос нэг жил дамнан дэгдсэн “Испани томуу” ч баян түрийвчтэй, өндөр хөгжилтэй орнуудад системийг нь асуудалд оруулахуйц нөлөө үзүүлж байгаагүй. Хамгийн түрүүнд дэлхий дахин АНУ-ыг харж байлаа. Гэвч тэд бодлогын ч, эрүүл мэндийн салбарын ч, хямралын менежментийн ч манлайлал үзүүлж чадсангүй. Эрүүл мэндийн салбарын ажилчдын 20-иос илүү хувьд, цагдаа болон хүчний байгууллагын 10 гаруй хувь, тээврийн үйлчилгээний салбарын 35-аас илүү хувь нь коронавирусээр халдварлав. Дээрээс Ерөнхийлөгчийн зүгээс өгч буй хэт радикал мэдэгдлүүд тэртээ тэргүй хямралын нөхцөл байдалд байгаа санхүүгийн зах зээлийг савлуулж байгааг бид бодитоор харсаар байна. АНУ одоо халдварласан хүмүүсийн тоогоороо дэлхийг тэргүүлж буй. Үүнээс үүдэн 1930-аад оны эдийн засгийн их хямралаас хойш байгаагүйгээр нөлөөлөл үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. АНУ коронавирусээс эх орноо хамгаалах зорилгоор 2.2 их наяд ам.долларын эдийн засгийн багц хөтөлбөр баталсан.
Их Европын элэгнээс тасарсан АНУ-д байдал ийм байхад яг үүнтэй адил нөхцөл байдал буурал европыг нөмрөөд ирлээ. Өнгөрсөн нэг зууны туршид дэлхийн улс түмнүүдтэй олон талт найрамдалт харилцаатай байж ирсэн энэ тив үнэн хэрэгтэй бодит манлайлал үзүүлж чадаж байсан уу гэдэг асуулт гарч ирэв. Евро бүсийн хамгийн нөлөө бүхий гэгддэг Их Британи, Герман, Франц, Итали, Испани улсад нийлээд 935 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс үүдэн европын иргэний агаарын тээврийн компаниуд дампуурах өндөр эрсдэлтэй болж, хөрөнгө оруулалтын чиглэлийн компаниуд өндөр эрсдэлд оров. Үүнээс үүдэн дээрх таван гүрний эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай гэж Дэлхийн банкнаас үзээд байна. Энэ мэтчилэн олон асуудлаас болж Европын төв банк эдийн засгаа эрчимжүүлэх багц арга хэмжээнд 540 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Энэ бол зарцуулж буй мөнгөн хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлж буй төсөв. Ямар ч гэсэн Европ тив ирэх арваннэгдүгээр сарын эхэн гэхэд өвчнөө дарж аваад, 2022 оны эхний улирал гэхэд эдийн засгаа эргэн хэвийн хэмжээнд оруулна гэсэн өөдрөг тэмүүлэлтэй байна.
“Ковид-19”-ын удаах төрх: Хүчний тэнцвэр солигдоно
Дорно л гэнэ
Өрнө л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ
Ч.Чимид, “Өрнө дорно хоёр” шүлгээс
Коронавирус тархахаас өмнө дэлхийн цагдаа нь АНУ байж, халамжлан хүмүүжүүлэгч Европ тив тэр дундаа Баруун Европынхон байлаа. Байлаа ч гэж үнэн хэрэгтээ баян, хөгжилтэй орнуудын өөрсдийн төсөөлөл л дөө. Тэр ч утгаараа Ази тивийг тэд аль нэг зүс буруу этгээд гэж харж, Африк тивийг ердөө баялгийг нь сорж болох газар л гэж харсаар ирсэн. Гэхдээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд байдал өөрчлөгдсөн. Эдийн засгийн утгаараа ч, байгалийн баялгийн бодлогын талаараа ч өөрчлөгдсөн. Үүнийг нь хамгийн их баталсан нь коронавирусний цар тахал байлаа. Азийн орнууд хямралын менежмент сайтай гэдгээ харуулж, систем хамарсан их хямралд өртөхгүй гэдгээ баталлаа. Энэ ч утгаар нь харсан халдварын тоогоор нь харьцуулбал хамгийн өндөр тархалттай 10 улсын дотор Ази тивээс ердөө Иран, Хятад гэсэн хоёр улс л байна.
АНУ дэлхий дахинд нөлөө бүхий хэвээр үлдэхийн тулд номхон далай дамнасан бодлого дээрээ өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрлээ. Үүний хамгийн ойрын жишээ нь БНХАУ-ын илгээж буй эмнэлгийн хэрэгсэл, маскны туслалцаа. Масктай гадаад харилцаа гэж тодорхойлж буй энэ “халамж” Герман, Итали, Франц зэрэг буурал тивийн улсуудаас гадна АНУ-д хүрээд амжжээ. Зөвхөн маск л гэхэд 50 гаруй саяар тоологдож байна. АНУ-ын гадаад харилцааны яам “Бүс ба Зам” хөтөлбөрт АНУ ямар үүрэгтэй оролцохоо шинэчлэн тогтоохоор яг одоо ажиллаж байгаа. Европ тив Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг бүс нутгийн эдийн засгийн өнгийг тодорхойлдог улсуудтайгаа найрамдалт харилцаагаа өргөжүүлэхээр болж байна. “Бүс ба зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх алхмыг ч хийнэ гэдгээ ХБНГУ-ын засаг захиргаа хэлээд амжсан. Европын холбоо ч энэ асуудалд ултай суурьтай хандана гэдгээ хэллээ. Үүнээс гадна бүс нутгийн бусад орнуудтай харилцах эдийн засгийн харилцаагаа шинэ шатанд гаргана гэдгээ “Их долоо”-гийн видео уулзалтын үеэр мэдэгдсэн билээ.
“Ковид-19”-ын гутгаар төрх: Хятад “ялна”...
Энэ үг олон хүний игзаарыг төрүүлж мэднэ. Хятад л бүх юмны дайсан мэт байдаг манай улсад ялангуяа цочирдуулж мэдэх үг. Гэхдээ эдийн засаг өөрийг хэлж байна. Цар тахлын анхны голомт болсон БНХАУ-ын эдийн засгийг 2-3 хувь гэж Дэлхийн банк тодорхойлжээ. Учир нь анхны голомт нутагт халдвар бусад улсаас түрүүлж бууран, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэсэн үг. Тиймээс ч эдийн засгийн өсөлтийг нь ингэж тооцоолсон юм. БНХАУ-ын автор нь болсон “Бүс ба зам” санаачилгын хүрээллийг өргөтгөх тухай “Их Долоо”-гийн уулзалтаар коронавирусний цар тахлын дараагийн сэдэв болгож ярьсан юм. Улмаар Европ тив ч үүн рүү анхаарлаа хандуулахаар болсон. Энэ жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаан дээр Ардчилсан нам нь “Бүс ба зам” хөтөлбөрийн тухай ярьсан нь их гүрнүүдийн бодлого үүн рүү чиглэж байгаа нь харагдана. Үнэн хэрэгтээ АНУ “Бүс ба зам”-д тийм ч их ач холбогдол өгдөггүй байснаар барахгүй, “шинэ колонийн бодлого” гэж хочилдог байв. Гэвч цар тахал АНУ-ын бодлогыг өөрчлөх нөлөөтэй байж. Коронавирусний халдварын тархалт хамгийн бага гэгдэж буй булангийн орнууд ч, арабын ертөнц ч Ази тивийн бүс нутгуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, алс хэтийн төлөвөө уялдуулна гэдгээ зарлачихлаа.
БНХАУ-ын зүгээс “Бүс ба зам” санаачилгаа улам өргөжүүлж, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, олон улсад өгөх санхүүжилтийн төрөл зүйлээ нэмэгдүүлж, бүхий л төрөл зүйлээр эрх тэгш хамтран ажиллана гэдгээ Коммунист намын индэр дээрээс мэдэгдэв.
“Ковид-19”-ын өөр төрх: Ногоон дэлхий
Коронавирус хүн төрөлхтний эрүүл мэндийн өмнө аюул заналхийлж байгаа ч нөгөө талаараа нэгэн мессежийг бидэнд өгөв. Энэ бол эх дэлхийд ч гэсэн “амралт” хэрэгтэй гэдгийг ойлгуулсан явдал. Австрали болон Антарктид тив дээрх озонийн давхарга өөрийгөө нөхөж дэлхий нийтийн анхаарлыг татав. Аж үйлдвэрлэл эдийн засгийнх нь 70-аас илүү хувийг бүрдүүлдэг АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Европын холбооны улсуудад хүлэмжийн хийн ялгаралт түүхэн доод хэмжээндээ хүрч уналаа. Энэтхэгийн мужууд 50 жилийн дараа Гималайн сүрт оргилуудыг нүдээр тольдох боломжтой болов.
Энэ нөхцөл байдлыг ажигласан Европын холбооны удирдлагууд эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих санхүүжилтийн хөтөлбөрийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр боллоо. АНУ болон Канад улс сэргээгдэх эрчим хүчний талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ эргэн харахаар болов. Катар болон Арабын нэгдсэн эмирт улсын баячууд сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа Азийн банк болон Дэлхийн банканд мэдэгджээ. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх “Парисын тунхаг”-т дэлхий даяар 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг 36 хувьд хүргэж, хүлэмжийн хийн ялгаралтыг арилгана гэсэн мундаг уриа тавьсан. Үүнтэй уялдуулан гэрээнд багтаж орсон томоохон улс гүрнүүд 2030 он хүртэл уламжлалт эрчим хүчний станцуудаа хаахаар төлөвлөж байна. ХБНГУ 2018 онд хамгийн сүүлийн нүүрсний уурхайгаа хаасан. Удахгүй уламжлалт станцуудаа шат дараатайгаар хааж эхэлнэ. Тус улс сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн компаниа татварын хөнгөлөлтөд хамруулна гэдгээ ч олон улсад зарласан билээ.
Бидний төрх: Боломжоо ашиглаж чадвал...
Коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хямрал Монгол Улсад хүнд тусах нь ойлгомжтой. 2024 он хүртэл гурван жил дараалж өр төлбөр төлөх Монгол Улс хямралаас гарах гэж зүдрэх нь нүцгэн үнэн. Гэхдээ ухаалаг бодлого, гарц гаргалгаатай улстөрчид байж гэмээж нь хямралыг хурдан давах нөхцөл бүрдэх учиртай. Уг нь бидэнд асар том боломж байна.
АНУ номхон далай дамнасан бодлогоо өөрчлөхөөс өөр боломжгүй болсон гэдгээ ухаараад “Бүс ба зам” санаачилгад хэрхэн оролцохоо тодорхойлж байна. Европын тивийн голлох эдийн засаг гэгдэх Их Британи, Герман, Франц улсууд Ази тивийн томоохон хөтөлбөрүүдэд оролцох, санхүүжүүлэх боломжтой гэдгээ зарлалаа. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт. Олон улсад АНУ гэдэг л том байсан цаг ард үлдэж БНХАУ-ыг том гэдгийг ухаараад тэр зүг рүү гадаад бодлогоо чиглүүлж байна. Энэ дунд бид л өрөндөө баригдсан улс мэт харагдаж болох ч мөнхийн хөрш болсон ОХУ, Хятадтай стратегийн түншлэлд шилжээд зогсохгүй энэ хэмжээнд АНУ-тай харилцдаг болсон. Удахгүй “Бүс ба зам” хөтөлбөрийн дэд хөтөлбөрийн нэг болох “Байгалийн хийн хоолой” Монголын нутгаар дайрах гэж байна. Нөгөөтээгүүр булангийн томоохон орнууд тэр дундаа Катар, Арабын нэгдсэн эмирт улс уул уурхайгаас бусад бүх төрлийн хөтөлбөрийг жижиг буурай орнуудад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Үүнд ч бид багтах боломж байна. Кувейтийн Засгийн газартай төрийн ордноо шинэчлэх гэж яарч байхын оронд энэ мэт хөтөлбөрүүдэд хэрхэн багтах вэ гэдгээ ярилцах нь коронавирусний дараах дэлхийд Монгол Улс тэсэж үлдэх эсэхийн гол шалгуур байх болно.
Сэтгэгдэл ( 3 )
БОЛОРШАВАРЫГ ЦАГААН ХЭРЭМ ДАВУУЛААД ШИДЭХҮҮ
ЕРӨӨСӨӨ ОЙЛГОСОНГҮЙ ТЭНЭГ П
яасан эрт хүний мууд дуртай юм вэ,,, аюултай вирус гэнэтийн дэлхийн хоёрдугаар дайнтай адил юм болж байхад,,,\nхаа ч байсан вирусын халдварыг хурдан зогсоох нь чухал ч агаараар амьсгалаар буй болж буйг ямарч ид шидтэн манлайлагч байгаад яах билээ ,, үүнийг эрүүл ухаантай бүхэн мэдэж байгаа бодит зүйлийг яах гэж ингэж хүний мөс муутай чанараараа ажил болгож улс төржүүлж хүмүүсийн амьдралд гайтай мэдээлэл бичиж суудаг яасан ухаан ухамсар мэдлэг чадвар муутай гаа хүнд таниулж байхын оронд,,,\nажил амьдрал дэлхийн хаа ч үргэлжлүүлэн явагдана,, мэдээж өшөө сайн болох магадлалтай гэж бодож байна