ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ.
Талууд иргэний нисэхийн салбарын Ерөнхий зориулалтын нисэхийн төрөл үйлчилгээг гамшгаас хамгаалах салбарт нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын хууль тогтоомж, Иргэний нисэхийн багц дүрэм, бусад холбогдох журамд нийцүүлэн ерөнхий зориулалтын нисэхийн үйлчилгээгээр онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, холбогдох дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтыг сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулахад бага оврын агаарын хөлгийг ашиглах бололцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд агаарын хөлөг эзэмшигч, нислэгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын гамшгаас хамгаалах болон мэргэжлийн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх чиглэлд хамтын ажиллагааны тусгай төслийг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд бага оврын агаарын хөлөг ашиглах, хөөрч буух зурвас, вертодром, шатахуун хангамж, ангар барих газрын төлөвлөлт, байршлыг тогтоож, агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, зайнаас тандан судлах ажиллагаанд хүнгүй нисэх төхөөрөмж (UAS)-ийг ашиглахаар төлөвлөжээ гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
дрон