Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч компаниуд зохицуулалттай болж эхэлснийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага /ФАТФ/-ын “Саарал жагсаалт”-д орсон тул УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагын хүний нөөц, ажлын байр, тоног төхөөрөмж, санхүүгийн чадамж болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах зарчим, нөхцөл шаардлагыг тухайн салбарт оролцогчдын онцлогт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан.
Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн компаниудаас хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангасан анхдагч 8 хуулийн этгээдэд Хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад удирдлагууд гардууллаа.
Гэрчилгээг гардуулах үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд салбар бүрийг хамарсан, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Энэхүү шаардлагын хүрээнд төр засгаас хэрэгжүүлж буй ажлыг холбогдох мэргэжлийн холбоод, хуулийн этгээд, ард иргэд та бүхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хорооноос салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрх зүйн орчинг бий болгохоор шинээр зохицуулалтад хамрагдаж буй хоёр салбарын хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Хуулийн төслийг боловсруулах, олон нийтэд хэлэлцүүлэх зэрэг ажилд энэ салбарт урт хугацаанд үйл ажиллагаа эрхэлж, арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтэн та бүхэн идэвхтэй оролцож, ажил хэрэгч холбогдох саналыг ирүүлж хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )