Сонгууль хаяанд ирлээ. Зөвхөн Монгол л үнэртдэг манай сонгууль энэ жил олон зүйлээрээ өмнөх сонгуулиудаас ялгагдана. Цар тахлын үед, бие даагчдын асар том марш энэ сонгуулийг чимнэ. Гэхдээ нэг л зүйлээрээ энэ удаагийн сонгууль бусадтайгаа адилхан. Энэ бол биеэ даагаагүй намуудын уралдаан. Тэд бодлогоор бус амлалтаар өрсөлддөг. Хэрэв бодлоготойсон бол өнөө бид мөнөөхөн жалгандаа байсаар байх уу?
Биеэ даагаагүй намууд
Нам. Нам гэж чухамдаа юу вэ? Энэ асуултад өнөө хэр нь хариулт алга. Хамгийн энгийн юм шиг мөртөө манайд хариулт нь олддоггүй гол асуулт гэвэл энэ. Цэнхэр, улаан, ногоон өөр ямар нэгэн өнгөөр будаад хаа хүрэх, хаашаа зүглэх нь үл мэдэгдэх намууд өнөө бидний нийгмийн гол “жолоодогч” нь юм. Тэд хаа хүрэхээ мэдэхгүй байгаа учраас ардчилал гэх их тойрогтоо 30 жил эргэцэж байгаа гэж гаднын мэргэжилтнүүд ч, ад үзэгдсэн зарим улстөрчид ч дуу нэгтэй хэлж байна. Чухамдаа яагаад зүгээ тодорхойлоогүй вэ гэхээр нам гэж чухамдаа юу болохыг, намын эрх гэж чухам юу вэ гэдгийг эх хуульдаа тусгаагүй учраас тэр. “Төр гэдэг чинь угтаа ард түмэн юм” гэж хашхираад, уухай хадаан байж “Сүх”-ийн талбай дээр жагсаж байхдаа “дээр байгаа ах нар” чухам ямар намыг төсөөлж байсан нь эргэлзээтэй. Ихэвчлэн номын дууг нь сонсож байсан Зөвлөлт засгийн намаа юу, эсвэл хаяа дэрлэсэн нутгаасаа үзэл суртлаар хуваагдсан Зүүн Германы хүчнүүдийг үү? Төсөөлөл гэж угтаа байгаагүй зөвхөн тухайн жагсагчид амь бүтэн атлаа “хөөрхөн” эрх мэдэлтэй үлдэх боломж нь МАХН-ыг татан буулгалгүй үлдээсэн юм. Бүтэн 70 жил нийгмийн нэг системийг удирдаж байсан энэ нам оршин тогтносон хэвээр байсан учраар улс төрийн бусад хүчнүүдэд эрх тэгш боломж олдоогүй аж. Тиймдээ ч нам дээрээ нийлдэг, гараад нам зөрдөг, ашиг сонирхлын фракцаараа нэгддэг дүр зураг бий болов. Олон арван фракц ямар нэгэн үр дүнд хүрэх, МАХН-аас илүү гарах боломжгүй учраас л өнөөгийн Ардчилсан нам дүр, өнгөө олсон юм. Олон фракц, эвслүүдийн нэгдэл учраас энэ намд үзэл бодлын жанжин шугам, туг болсон улстөрч одоог хүртэл төрөхгүй байгаатай холбон ойлгож болох талтай. Өмнө нь “төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч” байхдаа МАХН ийм л байсан одоо ч иймээрээ байна. Ялгаатай нь социаль демократ замналаа “нийгмийн ардчилал” гэх сайхан монгол үгээр томьёолсонд л оршиж байгаа юм. Хэдийгээр зүүн төвийн үзэл баримтлалтай гэдэг ч хааяахан коммунист, бүр заримдаа консерватив, таалагдахын тулд либерал, хэтрүүлээд хэлбэл ардчилсан чиг баримжаатай үгсийг урсгаж гарна. Ардчилсан нам нь эсрэгээрээ яг л зүүн төвийн үзэл баримтлалтай бодлого баримтална. Тэдний үед “сайн хувьцаа”, “эх орны хишиг”, “хүүхдийн мөнгө” гэх ойлголтууд бий болсон билээ. Зүүн төвийн үзэл баримтлалтай гэх МАХН /одоогийн МАН/-аас ч гараагүй л санаанууд.
“Монгол Улсад ардчилал гэхээс илүү намын шинж чанарыг тодорхойлох хэрэгтэй. Нам нээлттэй, олон хүний оролцоог хангадаг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь пост коммунист улсуудад тустай” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жийн Паскаль-Н.Нгану ярьжээ.
Том хоёр нам нь өөрсдийнхөө томд бардаад зүгээ олоогүй будилж байх хооронд улстөрийн гуравдагч хүчний байр суурь үгүйлэгдсээр. Гэхдээ гуравдагч хүчин гэх ойлголт монголын нийгэмд их эргэлзээтэй. Яаж ч гуравдагч хүчин гарлаа гэсэн, яаж ч хоёр том намаас илүү нам бүрдүүллээ гэсэн энэ хоёроосоо холдож чаддаггүй. Эгээтэй л охин компани аятай байсаар хоёр илүү арваныг ардаа хийгээд байна. Үзэл бодол, ашиг сонирхлоороо энэ хоёроосоо хөндийрч чадахгүй байгаа учраас ямар ч гоё нэр өгөөд сонгуульд торойдоггүйн учир нь гэвэл энэ. Хэдийгээр тэднээс үзэл бодлоороо зүг илүү, хаа хүрэхээ мэдсэн улс төрийн хүчин бүрэлдэн бий болдог ч удалгүй хоёр томын атганд багтаад алга болдог жамтай. Бүр эсвэл намынхаа даргад өсөрхсөндөө өөр нам байгуулаад уриа хашхираад явж байдаг дүр зураг өнөөгийн намуудын дүр төрх.
Бие даагчдын марш
Намууд хоорондоо хагаралдаж, хагаралдсан атлаа эрх мэдэлтэй удаан зууралдахыг хүсэж буй тул сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуультайгаа ноцолддог. Өмнө нь чуулган дээр яаж ч хэрэлдэж байсан бай эрх мэдлийн үнэрээ холдохгүй байхыг тэд хичээдэг. Хичээсээр ч ирсэн. Ийнхүү эрх мэдлийн үнэрт бялуурч байх хооронд хувь амбицтай улстөрчид саарал ордны сэнтийд суухаар санаархаж эхэллээ. Хувь заяаны шоглоомоор эрх мэдлийн үнэрт бялуурсан өнөө л танил болсон “дүрс”-нүүд нэр дэвшихээр болов. Гэвч намд оръё гэхнээ босго тогтоосон мөнгөнд нь бүдэрсэн, эсвэл аль нэг намын саналыг хугаслах гэсэн, бүр эсвэл өөрийнхөө дүрийг сонгуулиар таниулах гэсэн бие даагчид энэ сонгуульд их байгаа харагдлаа. Тэд бодлого ярихаас илүү бодлоо ярьж байгаатай энэ бүхэн холбоотой. Ямар ч бие даагчид гарлаа гэсэн үзэл бодлоороо зөрөх учраас нэгж бие даагчийн хувийн мөрөөдлийг биелүүлэх боломжгүй. Хуулиараа ч ийм. Үүнээс гадна хамгийн том эсрэг тэсрэгийн парадокс байгаа нь “Бие даагчдын эвсэл” гэх ойлголт. Үнэн хэрэгтээ бие даагчид мөртөө эвсэж байгаа бол нам, эвслийнхээ тоонд орно. Нэг ёсондоо ашиг сонирхлоороо нэгдэж байгаа гэсэн үг.
Энэ цагийн сонгуульд чухам яагаад бие даагчид маршлан орно вэ? Хоёр гаргалгаа бий. Нэг нь дээр дурдсан намууд гэж чухамдаа юу вэ гэдэг нь ойлгомжгүй учраас. Өнөө хэр попууд олшрохын хэрээр намгүй болъё ч гэж “утопи” бодлоор хандаж байна. Чухамдаа ийм хүмүүс гол болсон учраас бие даагчдын тоо олширч байгаа хэрэг. Нөгөө талаас эрх мэдлийн цулбуураасаа гар алдахыг хүсээгүй “өвгөжөөр” улстөрчдийн санаа бодолтой холбоотой. Нэг эрх мэдэл нөгөө эрх мэдлээрээ хязгаарлагдаж байх хооронд эрх мэдлийн амтанд бялуурсан улстөрчид чухамдаа хаана хоргодох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэг талаар эрх мэдлээ алдчихаар алив но нь илрэх гээд, нөгөө талаас дээрээс л харж сурсан болохоос хөрсөн дээрээ буухаар яахаа мэдэхгүй учраас тэд сандарч байгаа нь тодорхой. Тийм ч учир 208 нэр дэвшигч сонгуульд маршлан ирж айсуй.
Биеэ даагаагүй намууд бие даагчдын ялгаа
...Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй...
(Цогтын хадны бичээс, 1624 он)
Дайчин хиа, Гүен баатар хоёр хадан дээр дээрх шадыг тэрэлж байх гурав илүү зуун жилийн тэртээгээс өнөө цагийн ахуй байдал өөрчлөгдсөнгүй. Үүнийг та бүхэн улс төрийн намуудаас, тэдгээрт харьяалагддаг улс төрчдөөс, бие даагчид гэх сүрт тодорхойлолттой хэн нэгнээс бэлхнээ харж болно. Нам нь ч бай, намхан нь ч бай нэр дэвшиж буй хэн нэгэн бодлого ярьдаггүй. Зөвхөн бодлоо л тулгана. “Төдөн төгрөг өгнө”, “Тийм байрт оруулна”, “Тэгж гадагшаа явуулна”, “Хэвтэж байхад чинь л халамжилна” гэсэн хувь хүний болон хэсэг бүлэг хүмүүсийн бодлууд л явж байснаас биш төдөн жилийн дараа тийм дэвшилтэд хүрнэ, эдийн засгийн үзүүлэлтүүд ингэж өснө гэсэн бодлогын уралдаан явж ирсэнгүй. Мэтгэлцээн нэртэй хэн нэгний зохиолгосон асуултаар өөрсдийгөө бөмбөгдөөд л өнгөрнө. Эсвэл ийм ажил хийсэн гэдгээ “бөгс арчиж ч болохгүй” цаасан дээр хэвлээд зузаан, зузаан ном тараалгана. Хуримын зургаас ч илүү тавилттай сайхан цээж зургаар хотын гудамж талбай дүүрнэ. Бүр эсвэл хэн нэгэн “алдартай” сэтгүүлчийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцоод өөрөө ч үл ойлгох зүйлсийн тухай ярина. Фейсбүүкээр худал, үнэн нь эргэлзээтэй болсон болоогүй баахан мэдээгээр бөмбөгдөнө, дараа нь “live” хийнэ. Намууд нь ч, намхнууд нь ч яг л энэ замаар явсаар ирлээ. Хэрсүү уншигч та анзаарсан бол яг энэ дарааллаар одоо ч бөмбөгдөөд эхэлсэн.
Сүүлийн 30 илүү жил улс төрийн нам нь, улстөрчид нь ч өөрчлөгдөөгүй байж болно. Гэхдээ “хар масс” гэж тодорхойлсоор ирсэн сонгогчид нь өөрчлөгдөөд, улам хэрсүүжээд байгааг тэр бүр ухаарсангүй. Мөнгийг нь авдаг хэдхэн хүнтэйгээ андуураад тэднийгээ олонлог гэж бодох. Улс төрд салхи оруулах сонирхолтой байгаа “бие даагч”-д ч үнэндээ “ах нар”-ынхаа аргыг хэрэглээд өнөө хэр нь дэвшиж байна.
Монголыг нам хөгжүүлнэ. Намаас өөр зохистой нийгмийн байгуулал байхгүй. Гэхдээ зүгээ олсон нам, зүсээ тодорхойлсон улстөрч байж гэмээж нь улс хөгжинө. Тийм шинэчлэлийг сийрэг, хэрсүү улстөрчид улс төрийн зориг гаргаж байж хийнэ. Чухам хэн, хэзээ хийх вэ? Бас л асуулт...
Сэтгэгдэл ( 2 )
nam namhan ch geh shig ene neg umnuu bichseniig haraach…ard tymen heniig songohoo chamaas ilyy medne, hyn olj avhc olzuurhahaar um bicheech yadaj
БИЕ ДААГЧ ОРКУУД ЗАЙЛЦГАА.