"Эрхэм чанар"-ын А.Оюунцэцэг буюу АМЬДРАЛД СӨХРӨӨГҮЙ АМЬ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Саяхан л би "Эрхэм чанар" протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг гэдэг эмэгтэйг огт танихгүй явлаа. Гэсэн ч хэд хоногийн өмнө утасных нь дугаарыг найзаасаа олж, уулзаж ярилцлага авах хүсэлтэй байгаагаа уламжлав. Тэр олон зүйл шалгаасангүй, шууд л зөвшөөрсөн юм. Түүнд миний саналыг зөвшөөрөх шалтгаан ч байсан билээ. Харин надад түүний талаар мэдээлэл хомс, бараг л байхгүй байсан гэхэд болно.

Зөвхөн эцэг, эхээс нь хайрласан нэрээс өөр ямар ч мэдээлэлгүй би гэдэг хүн А.Оюунцэцэг гэдэг эмэгтэйн талаар судлах амаргүй ажилтай хоцров.

Хүнээс асуулаа, энд тэнд гарсан нийтлэл бас ярилцлагыг нь уншлаа. Олсон бүх мэдээллээ нэгтгэж, нэг л дүгнэлтэд хүрэв. Тэр амьдралд бууж өгөөгүй "баатар" эмэгтэй юм санж. Яг ийм бодол тээсээр түүнтэй өнгөрсөн баасан гарагт уулзсан юм. Би буруу бодоогүй байж. Тэр үнэхээр амьдралд сөхрөөгүй амь, амьдрахын төлөө тэмцэж яваа "баатар" ажээ.

Ерөнхийдөө олон нийт энэ эмэгтэйг "Эрхэм чанар"-ын А.Оюунцэцэг гэхээр анддаггүй юм билээ. Би л саяхныг хүртэл мэдэхгүй, танихгүй явсан болохоос. Ялангуяа түүнтэй адил зовлон үзсэн, тэрхүү хувь тавилангаа туулж яваа хэсэг түүнийг бүр ч андахгүй. Тэр хэдэн жилийн өмнө өдөр тутмын нэгэн сонинд "Би хөгжлийн бэрхшээлтэй хүн биш, хөдөлмөрч эмэгтэй" гэж ярьжээ. Үнэхээр ч өнөөдрийн А.Оюунцэцэгийг бүтээхэд түүний хөдөлмөрч зан нь тус болсон байна. Хоёр хөл нь хиймэл, суга таяг дээр алхах А.Оюунцэцэг өөртэй нь ижилхэн зовлонтой олон мянган иргэнд итгэл найдвар нь болж, гэрэл гэгээ бэлэглэж явна.

ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 13-ХАН НАСТАЙДАА ХОЁР ХӨЛӨӨ АЛДЖЭЭ

Тэр дөнгөж л 13-хан настай байж. Бусдын адил эрх дураараа гүйж явсан охин "Хөдөлмөр" зусланд амарч байхдаа унаганд гишгүүлж, нэг хөлөө гэмтээжээ. Өдөр ирэх бүр унаганд гишгүүлсэн хөлийнх нь гэмтэл хүндэрч Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн байна. Тухайн үед эмч нар түүний нэг хөлийг тайрахаас өөр арга байхгүй гэдгийг хэлжээ.

Харамсалтай нь, түүнийг эмнэлгийн орон дээр өглөө сэрэхэд эмч нар зүв зүгээр байсан эрүүл хөлийг нь тайрчихсан байж. Ингээд тэр эмч нарын буруугаас болж хоёр хөлгүй хоцорсон байна.

Хэдийгээр олон жилийн өмнөх явдал хэдий ч би хэрэгт дуртай зангаа дийлсэнгүй. Түүнээс хоёр хөлөө алдсан тэр бараан дурсамжийг нь асууж орхилоо. Тэр бараг л санадаггүй, санахыг ч хүсдэггүй нь илт. Тэрбээр "Би 13-хан настай байхдаа хоёр хөлөө алдсан. Гэхдээ өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Тэр хар өдрийг би бараг л санадаггүй юм" гэж товчхон хариулав.

Түүнд хийгээгүй ажил гэж байхгүй. Зах дээр комиссын бараа зарж, Багшийн дээдийн урд “цагаан утас” хүртэл ажиллуулж байжээ. Тэр ч битгий хэл, малын тэжээл зарж амьдралаа залгуулж явсан үе ч түүнд бий. Харин тэр хоёр хөлтэй болохоор нөхөр, хүүхдээ дагуулаад урд хөршийг зорьжээ. Халаасандаа 3-4 сая төгрөгтэй явсан тэдний мөрөөдөл талаар болж.

Учир нь, урд хөршид хиймэл хөл хийлгэхэд дор хаяж 40-50 сая төгрөг шаардлагатай болжээ. Нэгэнт халаасанд нь байсан мөнгө хүрээгүй тул БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хамгийн том протезийн үйлдвэртэй танилцжээ. Энэ үеэс л Монголд протезийн үйлдвэр барих санаагаа олж, нутагтаа ирээд тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж эхэлсэн байна.

А.ОЮУНЦЭЦЭГ: БИ ЭРХТЭН ДУТУУГИЙН ЗОВЛОНГ ДЭНДҮҮ САЙН МЭДНЭ

...Би эрхтэн дутуугийн зовлонг мэднэ. Өөр шигээ эрхтэн дутуу хүмүүст л туслахыг хүссэн. Тиймдээ ч үйлдвэрээ байгуулсан. Ингэхдээ дэлхийн стандартад нийцсэн, дээрээ сувиллын газартай үйлдвэрийг байгуулсан. Учир нь, гаднын оронд хиймэл хөл, гар хийлгэхэд доод тал нь 30-40 сая төгрөг шаардлагатай болдог. Харин Монголдоо үйлдвэр байгуулчихвал зардал хямд, цаг хугацаа хэмнэх боломжтой. Энэ ч утгаараа үйлдвэрээ байгуулаад өнөөг хүртэл ажиллаж байна гэж “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг ярьж байна.

“Эрхэм чанар” протезийн үйлдвэрт хиймэл гар, хөл, гутал зэрэг бүх л шаардлагатай зүйлс үйлдвэрлэдэг. Протезийн бүхий л материалаа урд хөршөөс авдаг. Түүхий эд болох хөнгөн цагаан, нерж турбог машин дээрээ хяргаж тахийлган үйлдвэр дээрээ бүхий л төрлийн портез хийдэг. Протез   нь ууланд авирдаг, гүйдэг, чулуун дээр явдаг гэх мэтчилэн төрөл бүрийн зориулалтаараа үнийн хувьд өөр өөр байдаг аж. “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн хувьд протезийг янз бүрийн үнээр хийдэг. Гадаадын үйлдвэрүүдэд бол хэд дахин өндөр үнээр хийдэг байна. Тус үйлдвэр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Үйл ажиллагаа явуулаад 13 жил болж байгаа бөгөөд 18 ажилтантай. Өдөрт 500 таяг үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн хүсэл зорилгоор үүд хаалгаа нээжээ. Өнөөдөр тэд дэлхийн жишиг стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, сонсголын аппарат, нүдний протез, тусгай зориулалтын гутал болон сувиллын үйл ажиллагаа явуулж байна.

Энэ талаар А.Оюунцэцэг гуай “Манай үйлдвэр өдөрт 500 таяг үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч өдөрт 2-3 ширхэг л зардаг. Нэг хүний хиймэл хөлийг 500 мянган төгрөгөөр хийдэг” гэв. Тэрбээр өнгөрсөн 13 жилийн хугацаанд өөртэйгөө адилхан зовлонтой 2500-3000 хүнд “амьдрал” бэлэглэжээ. Харин сувилал нээх болсон тухайгаа "Хөл гараа тайруулсан хүн сэтгэл санаагаар маш их унадаг. Иймд эдгээр иргэдийг сэтгэл санаагаар дэмжих, хөдөөнөөс ирэх иргэд айлд байхад хүндрэлтэй, зарим нь хотод байх айлгүй учраас буудалд ямар их мөнгө зарцуулдаг билээ. Протезийг анхнаас нь сайн тааруулж өгөхгүй бол шинээр хийлгэж буй хүмүүс протезийг төвөгшөөдөг. Тийм учраас энэхүү сувилал маань маш ашиг тустай. Мөн сувилалд Өвөрмонгол эмч протез хийлгэж буй хүмүүст зааж зааварлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт, мэдээ мэдээлэл өгөх зорилготой” хэмээн ярьж байлаа.

ТЭР БАЯР ХӨӨРТЭЙГӨӨР ЕРӨНХИЙ САЙДЫН АМЛАЛТ ХӨРСӨНД БУУХЫГ ХҮЛЭЭЖ СУУНА

Олон жил ханилсан хань нь нэг л өглөө зуурдаар бурхан болжээ. "Би хамгийн хайртай хүнээ алдахын зовлонг амссан. Гэсэн ч нөхрийнхөө хийж, эхлүүлсэн ажлыг дуусгах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би тэр ажлыг нь дуусгасан. Доод хонгилтойгоо нийлээд таван давхар байшин барьж, "Эрхэм чанар" протезийн үйлдвэрээ байгуулсан. Надад нөхрийн маань Төрийн банкнаас зээлсэн 1.5 тэрбум төгрөгийн үлдсэн мөнгийг нь хувьдаа ашиглаж, хүн асуухаар мэдэхгүй гээд сууж байх боломж байсан. Гэхдээ би тэгээгүй. Би зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Одоо бодоход би сайн эхнэр байгаа биз дээ" хэмээн А.Оюунцэцэг гуай ярилаа.

Тэр зүтгэсэн, хөдөлмөрлөсөн нь үнэн. Гэсэн ч сард 30-35 сая төгрөгийн зээл төлнө гэдэг амаргүй. Учир нь, талийгаач нөхөр нь тухайн үед Төрийн банкнаас 1.5 тэрбум төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, 24 хувийн хүүтэй зээлсэн байна. Харин А.Оюунцэцэг гуай өндөр хүүтэй, богино хугацаатай зээл байсныг нь нөхрөө бурхан болж, бүх ачаа өөрийнх нь нуруун дээр ирэхэд л мэджээ. Тэрбээр "Би үнэхээр богино хугацаатай, өндөр хүүтэй зээл байсныг мэдээгүй. Гэсэн ч би чадлынхаа хэрээр л зүтгэсэн. Сард 30-35 сая төгрөг төлнө гэдэг амаргүй. Гэхдээ би 1.5 тэрбум төгрөгийн зээлийнхээ 680 сая төгрөгийг нь төлсөн" хэмээн учирлав.

Харамсалтай нь, Төрийн банкнаас түүний төлсөн 680 сая төгрөгийг зээлийнхээ зөвхөн хүүд суутгана гэдгээ хэлжээ. Үүнийг эс зөвшөөрсөн А.Оюунцэцэг шүүхэд хандсан ч ялалт байгуулж чадаагүй байна. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрийн барилгаа алдах дээрээ тулжээ. Төрийн банкнаас "Эрхэм чанар" протезийн үйлдвэрийн барилгыг гурван тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Саяхан дуудлага худалдаагаар зарахыг оролдсон ч азаар нэг ч худалдан авагч ирээгүй аж.

Энэ үед А.Оюунцэцэг гуайн толгойд Төрийн ордны гадна суулт хийж, бодит байдлаа төрийн гурван өндөрлөгт хүргэх санаа орж иржээ. Тиймдээ ч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж, суулт хийх зөвшөөрөл авсан байна. Цагдаагийн байгууллага түүнийг суулт хийхийг зөвшөөрсөн тул тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд суултаа эхэлжээ.

Төрийн ордны гадна яг тав дахь өдрөө суулт хийж байхад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй уулзсан юм. Энэхүү үйл явц нь А.Оюунцэцэг гуайн хувьд тэнгэрээс од шүүрэх шиг л санагджээ. Одоо тэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амлалтыг хөрсөн буухыг л хүлээж сууна. "Би Ерөнхий сайдтай уулзсан. Тэр Төрийн ордны гадна суулт хийж байсан миний өмнө сөгдөж, амлалт өгсөн. Үйлдвэрийг маань хаалгахгүй, барилгыг маань хураалгахгүй гэж эр хүнийхээ хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд надад амласан. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэж байна" гэж ярихдаа түүний нүүрэнд инээмсэглэл тодров. Тэр бүх хэцүү зүйл ард хоцорсон, Ерөнхий сайдынхаа амлалтыг биелэхийг л хүлээж сууна гэдгээ ч ярьж байлаа.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн юм аа. "Эрхэм чанар"-ын эзэгтэйн туулсан амьдрал нь өр өвдөм ч, туулж яваа зам нь бахархам сайхан санагдав. Тэр өөрт байх унтаршгүй хүч, цуцашгүй хөдөлмөрийнхөө хүчээр бахархам, сайхан амьдралыг бүтээж чаджээ. Бид ажил руугаа буцаж явна. Хорооллын гэрлэн дохионы уулзвар дээр таяг тулсан эрэгтэй зогсож харагдана. "Эрхэм чанар"-ын эзэгтэй А.Оюунцэцэг ийм л хүмүүст тусалж, буян хураадаг гэж бодохоор хайр төрнө. Хажуугаар нь төр шиг төртэй байсан бол гэх бяцхан харамсал төрнө.

Тэр одоо өрөөнд загаснуудаа хооллож, халуун цай дэргэдээ тавиад ажлаа хийж байгаа. Дотроо дөрвөн давхар шар байшинг нь авч өгнө, аварч хамгаална гэсэн Ерөнхий сайдын амлалтыг байн байн бодон инээж суугаа нь лавтай. Тэр үнэхээр амьдралд сөхрөөгүй амь, амьдралыг ялсан баатар эмэгтэй яах аргагүй мөн юм. Түүний амьдралыг тэр чигээр нь ном гэж үзвэл тэр үнэхээр сонирхолтой ном байж чадлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.78.1) 2020 оны 05 сарын 05

Сайхан сэтгэлийг тань дагаж буян хурах болтугай...

0  |  0
Zochin(66.181.189.150) 2020 оны 05 сарын 04

Гаж донтонгуудаас хамгаалж хиймэл эрхтэн хийх нь зөв

0  |  0
Зочин(66.181.161.114) 2020 оны 05 сарын 04

За даа энэ бол ч зүгээр хувь хүний бизнес шүү. 1. 5 тэрбумыг юунд зарцуулсан байх вэ? Тэгээд ч энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн арай л үнэтэй байдаг. Ингэж хэт уянгаар хальж болохгүй. Хувь хүний асуудал. Хөрөнгөтэй мөнгөтэй хүний асуудал шүү.

0  |  0
Зочин(103.212.116.104) 2020 оны 11 сарын 22

Оюунцэцэг эгч зөвхөн ашиг харсан бизнес эрхлдэггүй нь миний амьдралд мэдрэгдэж байсан. 2010 онд 3-р эмнэлэгт хагалгаанд орчихоод гарах болоход эмч пивар битүү бүс авч бүслэхгүй бол машинд авч явах боломжгүй гэсний үндсэн дээр 200 мянган төгрөгний үнэтэй пивар бүс эрхэм чанар-с авах болж ээж минь 80000 төгрөгтэй очиж байсан. Маргааш нь эмнэлэгээс гарах гээд байдаг хөдөөнөөс мөнгө ирэх нь хойшлогдоод 160000 төгрөгөнд нь иргэний үнэмлэхээ тавих зөвшөөрлийг Оюунцэцэг гуай өгч худалдагчаас нь авч байсан гэж ярьж байсан. 160000 төгрөгөнд иргэний үнэмлэх барьцаалах нь битгий л 2000 төгрөгөнд харамсал

4  |  0
Top