УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/ хуралдаж, хурлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Бүлгийн гишүүд “Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэлэлцээд, энэ долоо хоногт батлах шийдвэр гаргажээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Сонгуулиас өмнө “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг батлах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлыг хэсгийг байгуулсан. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг энэ парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” баримт бичгийг өргөн мэдүүлсэн. Хамгийн том бодлогын баримт бичгийн хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ажилласан. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, УИХ-д тодорхой санал хүргүүлээд байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-МАН дотроо хагаралтай байгаа юм уу. Зарим гишүүд нь бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд байна?
-МАН дотор ямар ч хагарал байхгүй. Гишүүд бие дааж нэр дэвшээгүй. Нэр дэвшигчид 15-ны дотор тодорно.
-МАН нэр дэвшигчдээсээ судалгааны зардал гэж 25-50 сая төгрөг авсан гэх мэдээлэл байна?
-МАН гишүүдээсээ ямар ч мөнгө, төгрөг татаагүй. Зарим гишүүн судалгааны байгууллагад өөрсдөө мөнгөө төлөөд, судалгаа хийлгэж байгаа юм билээ. Зарим нь намтайгаа хамтраад ч хийж байгаа юм байна. Түүнээс биш намаас албан ёсоор мөнгө татсан асуудал байхгүй.
-Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?
-Энэ жилийн сонгууль нөхцөл байдлын хувьд хүндэрч магадгүй байгаа. Коронавирусийн цар тахал хэвийн хэмжээндээ байвал сонгуулийн сурталчилгаанд нөлөөлөх зүйлүүд байгаа. Коронавирусийн эсрэг хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар тодорхой хязгаарлалт хийж өгсөн. Засгийн газар, СЕХ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд сонгууль явуулбал сурталчилгаа хэрхэн явуулах, хязгаарлалтын дэглэм хэрхэн явуулах, хүн амыг сонгуульд ороход хязгаарлалтын дэглэм хэрхэн барих талаар СЕХ санал боловсруулсан. Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан. Үүнийг Засгийн газарт танилцуулсан. Коронавирустэй холбоотой нэмэгдэж байгаа зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Сурталчилгаа хэрхэн явуулах вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр Улсын Онцгой комисс тодорхой шийдвэр гаргана.
Сэтгэгдэл ( 1 )
UHSENII ALSIIN HARAA VE 4 JILIIG NUDNII BULAI BOLGOJ DUUSGAJ BJ XAXAXAXAXA