Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл хийлээ.
Шуурхай штабаас Засгийн газар шийдвэр гарсны дараа сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ суралцагчдын гэрийн хаягийг маш сайн тэмдэглэж авах, нэг анги танхимд 10-аас ихгүй хүн байлгах, иргэн хоорондын зай 1-1,5 метр байх, биеийн халууныг үзэж, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих ёстойг санууллаа.
Мөн Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болсон. Үүний дагуу 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дадлага, сургуулилтын талаар “Бид ирээдүйд учирч болзошгүй аюулд бэлэн байхын тулд энэхүү арга хэмжээг зохион бйагуулж байгаа. Ирэх пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн ард иргэд 08:00-18:00 цаг хүртэл гэртээ байна. Өглөөний 08:00 цагаас өмнө ажил дээрээ очих, хувийн асуудлаа зохицуулах нь чөлөөтэй. Иргэд айж сандрах, энэ арга хэмжээг элдэв янзаар дүгнэх шаардлагагүй. Ноцтой байдал бий болсон үед бид бэлэн байдлаа дээшлүүлэх зорилгоор хийж байгаа сургалт” гэдгийг тайлбарлав.
Сануулахад, ирэх пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хөл хорионы дэглэм сахин, гэр болон ажил дээрээ байж, дадлага сургуулилтад оролцох юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл ( 0 )