УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төсөлд УИХ-ын Өргөдлийн байнгын хороог Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороотой нэгтгэх асуудлыг тусгажээ. Товчхондоо, тус төсөл батлагдвал дараагийн парламентын үеэс Өргөдлийн байнгын хороо тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг үүнийг буруутгаж, нийтийн эрх ашгийг хамгаалахаас ухарсан үйлдэл гэж үзэж байгаа аж. Ингээд түүнтэй ярилцсаныг хүргэж байна.
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэчнээн өргөдөл гомдол хүлээж авсан бэ. Ач холбогдолыг нь илүү тодруулах гээд байна л даа?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо бол олон нийт УИХ хоёрыг холбож өгдөг гүүр болсон ганц байнгын хороо юм. Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тохиолдолд хандах ганц хороо нь Өргөдлийн байнгын хороо байдаг. Энэ байнгын хороо байгуулагдаад найман жил болсон. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд л 48 мянга гаруй өргөдөл гомдол шийдвэрлүүлж чадсан байдаг. Нийтийн эрх ашиг талаасаа гол ус, уул нуруугаа цэвэр байлгах, хүний эрх зөрчсөн, авилга хээл хахууль авсан өгсөн, цалин хөлс шалтгаангүйгээр бууруулсантай холбоотой олон өргөдөл ирдэг. Мөн арилжааны банкуудын зээлийн хүү шударга бус байгаатай холбоотой, ипотекийн зээлийн асуудал, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхгүй байна гэх мэт олон өргөдөл ирдэг. Өргөдлийн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг гаргаад, газар дээр нь очиж ажиллах, эсвэл нээлттэй сонсгол хийдэг. Товчхондоо, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх, хуулийг хэрэгжүүлэхэд анхаардаг ганц байнгын хороо гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд бид өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь авч хэлэлцээд, үүрэг даалгавар өгөөд, асуудлаа цэгцлээд явсан. Бусад Байнгын хороо ч иргэдийн өргөдөл гомдлыг хэлэлцэх ёстой. Гэтэл байнгын хороод өөрсдийн ажлаа хийхгүй, Өргөдлийн байнгын хороонд бүх ажлаа өгөөд байна гэж Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн. Бусад байнгын хороод яам тамгын газар, төсөв мөнгө, томилгоотой холбоотой асуудалд их цаг зарцуулдаг ч хууль тогтоомж хэрэгжихгүй байгаатай холбоотой асуудал хаягддаг. Ийм л асуудлыг Өргөдлийн байнгын хороо тууштай хийдэг.
-Жишээ нь?
-Утааны асуудал дээр бид анх удаа 2018 онд гүйцэтгэлийн аудит хийлгэж, 15 жилийн хугацаанд 750 тэрбум төгрөг үр дүнгүй зарцуулсан байна гэдгийг баримттай гаргаж ирсэн. Ингэснээр энэ жил 10 дахин бага мөнгөөр нийслэлийн утааг 50 хувь бууруулж, нарийн ширхэгтэй тоосонцор хэмжээг 30 гаруй хувиар бууруулж чадсан үр дүн гарсан. Туул голын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр ногоон байгууламж бүтээнэ гэж газар авчихаад очихоор байшин сав барьчихсан байдаг. Энэ мэт асуудалтай газар дээр нь очиж тэмцэж, зарим хүнд хариуцлага тооцуулж байсан. Мөн л үр дүнд нь Экологийн цагдаагийн алба байгуулагдах жишээтэй. Иргэдтэй тулж ажилладаг байнгын хороогоо өөр Байнгын хороотой нэгтгэж болохгүй.
-Гаднын улс орнуудад Өргөдлийн байнгын хороо нь хэрхэн ажилладаг юм бол?
-Германд цахим Өргөдлийн байнгын хороо бий болж байна. Швейцар, Англи зэрэг орнуудад хууль хяналтын хэрэгжилтэд хяналт тавьдаг олон нийтийн хяналтыг нэмэгдүүлдэг чухал байнгын хороо байдаг. Ийм жишиг Монгол Улсад байх ёстой. Бид ардчиллаас ухарч болохгүй гэдгийг хөндөөд байгаа юм. Харин УИХ-ын дарга ардчиллаас ухарч болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа зөвхөн дараах тохиолдолд санал явуулж болно гэж зохицуулсан. Үүнд нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчийн зүгээс өгсөн тохиолдолд энэ асуудал дээр дахин санал хураах боломжтой болох юм. Дэгийн тухай хуулийг боловсруулсан ажлын хэсэг үүн дээр нухацтай хандаж, иргэдийн дуу хоолой болдог Өргөдлийн байнгын хороог өөр байнгын хороотой нэгтгэж ач холбогдлыг бүрхэг болгохгүй байх тал дээр анхаарах байх гэж бодож байна.
-Та өөрөө Өргөдлийн байнгын хорооны дарга. Тийм учраас энэ байнгын хороог байх ёстой гэж үзэж байгаа нь ямар нэг хардлага төрүүлж болзошгүй юм?
-Энэ хууль батлагдвал одоогийн парламентын хугацаанд хэрэгжихгүй. Шинээр байгуулагдах парламентын үед хэрэгжинэ. Би дараагийн парламентад Өргөдлийн байнгын хорооны дарга болох биш гээд хаяж болно. Гэхдээ энэ байнгын хороо байснаар хуульд хяналт тавих боломж нь бүрдэх юм. Ард түмний дуу хоолой болдог хяналт тавьдаг энэ байнгын хорооны ач холбогдлыг бууруулахгүй байх үүднээс зохицуулалт хийх хэрэгтэй. Иргэд ч энэ байнгын хороог байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. Өргөдлийн байнгын хороог татан буулгах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэдэг заалт байгаа юм. Энэ нь Монгол Улсын иргэн төрийн албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Өргөдлийн байнгын хороог өөр хороотой нэгтгээд Үндсэн хуулийн заалттай зөрчилдөх вий дээ гэдгийг УИХ-ын дарга, зарим хуульчид гаргаж тавиад байгаа.
-Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороогоор шийдвэрлүүлж чадсан ямар асуудал байна вэ?
-Бид маш олон асуудлыг шийдсэн. Энд тэнд хууль бус алт олборлолт хийгээд гол мөрөн байгалийг сүйтгээд байсныг бид таслан зогсоож чадсан. Хоёрдугаарт, Туул голын эргэн тойрны газрыг хууль бусаар авсан байсныг таслан зогсоогоод зориулалтын дагуу ашиглах хууль дүрмийг нь гаргуулаад явж байна. Аюултай хог хаягдал гялгар уутны хэрэглээ нь хорт хавдрын үндэс болж байна гэдгийг тогтоогоод, гялгар уутны хэрэглээг халж чадаж байна. “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох асуудал байна. Малын хулгайн чиглэлээр нээлттэй сонсгол зохион байгуулаад өнчин ишиг ч хулгай гэдгийг хуульд оруулж чадсан. Мөн “Буянт-Ухаа ll” хороолол зогссон байхад нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлж байсан. Энэ мэт олон асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Би хувь хүнийхээ хувьд ч ажил хийвэл хийсэн шиг хийж, үр дүнг нь мэдрэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо маш сайн ажилласан.
Сэтгэгдэл ( 2 )
Оюунчимэг өргөдлийн байнгын хорооны даргын ажлыг сайн хийж байгаа гэж дүгнэж баына. Түрүүчийн парламентүүдийн үед дүлий байсан төр өргөдлийн байнгын хороогоор дамжуулан иргэдийн үгийг тодорхой хэмжээгээр сонсдог болсон шүү.
Odoo asuudal yu l baina, dandaa l ”ardchilal” gej haa hamaagui ug shuud ter chigeer ni yerenhiid ni hereglehee boliochih l doo tegehu? Choloot togtoltsoo, neelttei togtoltsoo, butets, yu baidag yum. Tiim l mundag ardchilal geech yumiig medreed bolovsrood gun uhaanjij baigaa yum bol engiin mani heddee yadaj engiin ugeer dotor ni zuichilj salgaad zov uyd ni ali ugee hereglehee tailbarlaj ogooch ain?