Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагт КОВИД-19 вирусийн талаарх мэдээллийг өгдөг. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өвчтөнүүдийн эмнэл зүйн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад гуравдугаар сарын 10-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд коронавирусний халдвар авсан буюу цар тахлын 41 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 10 удаагийн нислэгээр болон бусад боомтоор 4700 иргэн Монгол улсад орж ирсэн. Давхардсан тоогоор 10 мянга орчим хүнд лабораторийн шинжилгээ хийлээ.
Хилээр орж ирсэн иргэдийг тусгаалалтад байх хугацаанд нь 2-13 дахь хоног дээр нь 1-5 удаа шинжилгээ хийж байж батлагдсан тохиолдлыг илрүүлж авч байна.
Батлагдсан тохиолдлын 60 орчим хувь нь ОХУ-аас орж ирсэн хүмүүс байгаа. Бусад тохиолдол 13 улсаас транзит болон шууд нислэгээр орж ирсэн. Батлагдсан тохиолдол эмнэлзүйн хувьд дэлхий нийттэй ижил байна.
Тодруулбал, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, дотор муухайрах, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй явж байгаад хэд хоногийн дараа хатгаа болж байна.
Манайд батлагдсан тохиолдлын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй хүмүүс бий. Тэдний 10 хувь нь хатгаагаар хүндэрсэн. Одоогоор 13 хүн эдгэрээд байна. Тэдний дөрөв нь гадаадын иргэн байсан.
Эмч нар хүнд буюу маш хүнд гэсэн явцтай хоёр хүнийг эмчилж эдгээсэн.
Халдвар авсан иргэдийн дунд зүрх судас, архаг хууч өвчтэй хүмүүс бий. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүн короновирусээр өвчилсөн нь илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Тэдэнд онцгой анхаарч байна" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Танилцуулгаас чинь харахад 42 хүн өвчилсөн байна. Яагаад 41 гэж мэдээлээд байгаа юм бэ. Өвчнийг нуун дарагдуулж болж байгаа юм уу. 19 эмэгтэй 23 эрэгтэй.