Төр эзэнгүйрсэн өдрүүдэд “сармагчин”-гууд хөдөөлөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15


 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хаа холын Сан Франциско хотын Станфордын их сургуульд зочилж, дараа нь Вашингтонд Барак Обаматай Цагаан ордонд уулзах гээд айчлалынх нь төлөвлөгөө  тун шахуу явна. Удахгүй Литва, Украйныг зорих  юм байна. Харин Ерөнхий сайд Сү.Батболд ойрын өдрүүдэд Индонезид зүүн Азийн асуудлаар  дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоод тэндээсээ Хонгконг, Шанхай, Бээжинд айлчилна. Тэрээр ирэх долоо хоногийн дундуур ирэх сурагтай. Ийнхүү монголын төрийн гол өндөрлөг гэгддэг гурван хүний хоёр нь гадаад яваа ажээ. Ганцхан УИХ-ын дарга Дэмбэрэл эх орондоо байгаа боловч төрийн хэмжээнд шийдэх олон асуудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг  хүлээх болж байна. Ялангуяа Авлигатай тэмцэх газрын даргыг шинээр томилох нь юу юунаас илүү чухал болоод байгаа. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр авлигын томоохон хэргүүд замхарч мэдэхээр болсон гэнэ. УИХ-ын гурван ч гишүүнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах асуудал яригдаж байна. Гэхдээ тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс нааш мөрдөн шалгах асуудал урагш  ахихгүй. Одоогоор нэрийг нь чанд нууцалж буй тэдгээр хүмүүсийн хэргийг хэзээ шийдэхийг хэн ч хэлж  мэдэхгүй болоод байна.  Ийм эгзэгтэй үеэр хоёр том намын “алиалагч” нар “Ард түмнээ сонсох”-оор Хөвсгөлийг зорих болжээ. Бас л Говь-Алтайд саяхан нэг , хоёр өдрийн зөрүүтэйгээр цуварч очсон шигээ явах хуваарьтай юм байна. Сүүлийн үед ийнхүү “Ард түмнээ сонсогч” хэмээн алиалагчдыг зарим нь “сармагчингууд” гэж ёгтолдог боллоо. Ардын нам, Ардчилсан намынхан аль аль нь очсон газартаа бие биенийгээ  тоть шиг давтаж ярьдаг тул ийнхүү “сармагчингууд” гэгджээ.  

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top