Т.Батмөнх: Шимтгэлээс чөлөөлж байгаа нь ажил олгогч, даатгуулагчдад бодит дэмжлэг болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Ковид-19 цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, зургаан сарын хугацаанд  Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр шийд­вэрлэсэн нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн талаар  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс тодрууллаа


-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ бүрэн хэрэгжиж эхэлсэн үү. Чөлөөлөлтөд хэч­нээн аж ахуйн нэгж, ажил­тан хамрагдаж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журам, заавар зэрэг эрх зүйн актууд батлагдсанаар нийгмийн даатгалын байгууллага хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Энэхүү хуулийн үйлчлэлд хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага, гадаадын болон олон улсын байгууллага тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчид хамрагдаж байгаа. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 75 орчим хувь буюу 39 мянган ажил олгогч болон 705 мянган даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 121 мянган сайн дурын даатгуулагч Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байна. 

-Эсрэгээрээ хуулийн үйлчлэлд хамрагдахгүй байгаа хэсэг байгаа шүү дээ?

-Хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төсвийн байгууллага, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн тухайн төсөл хөтөлбөрийн санхүүжилтээс хөдөлмөрийн хөлс авч байгаа даат­гуулагч, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн хамаарахгүй. Мөн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагатай огт гэрээ байгуулж байгаагүй сайн дурын даатгуулагч, нийгмийн даатгалд бүрт­гэлгүй ажил олгогчид хамрагдахгүй.

-Журам, зааврын хүлээгдэлтэй холбоотой ажил олгогчод нийгмийн даатгалын тайлангаа илгээх хугацаа тулгуу байсан байх?

-Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахын тулд нарийвчилсан журам, ажлын заавар, түүнийг дагалдан гарах программ хангамж боловсруулж нэвтрүүлэх, төрийн холбогдох байгуул­лагуудтай мэдээлэл, судалгаа солилцох гэх мэт олон бэлтгэл ажил өрнөдөг гэдгийг дурдах нь зүйтэй. Шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь 4-9 сарын нийгмийн даатгалын тайлангаа дараа сарын 5-ны дотор үнэн зөв гарган нийгмийн даатгалын байгууллагад заавал ирүүлэх шаардлагатай. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд чөлөөлөгдөх шимтгэлийн хэмжээг нь тодорхойлох боломжгүй болно. Энэ сарын тухайд нөхцөл байдалтай уялдуулан аж ахуйн нэгж байгууллагын дөрөвдүгээр сарын тайлан илгээх хуга­цааг 9-нийг хүртэл сунгаж, тайланг цахимаар хүлээн авч байгаа тул асуудал үүсэхгүй гэж бодож байна.

-Зарим байгууллагын ажилтнууд дөрөвдүгээр сарын цалингаас шимтгэл суутгаж авсан гэдэг асуудал тавьж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамааруулахгүй байх тохиолдол гарсан уу?

-Нэгдүгээрт, хуулийн үйлчлэлд хамаарахгүй байгууллагын ажилтан байж болно. Эсвэл тухайн байгууллага нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй, эсвэл тухайн сарын шимтгэлээ хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн байж болох юм. Тухайлбал. “Мобиком корпорац” тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сард төлөх шимтгэлээ өөрийн хүсэлтээр бүтнээр болон хэсэгчлэн  төлж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд чөлөөлөлтөд хамрагдах хугацаандаа урьдчилан төлсөн шимтгэлээ буцааж авах хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олгож болно. 

-Давхар ажил эрхэлдэг хүмүүс шимтгэлээс яаж чөлөөлөгдөх вэ?

-Үндсэн ажлаас гадуур ажил хөдөлмөр эрхэлдэг даатгуулагчдын тухайд хэрвээ тухайн ажил олгог­чид нь шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа бол аль алинаас нь чөлөөлөгдөөд явах боломжтой. Харин ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх дэмжлэгт даат­­­гуулагч давхар хамрагдахгүй.

-Сайн дурын даат­гуулагчдын тухайд ямар нэг болзол тавьж байгаа юу?

-Сайн дурын даат­гуулагчдын тухайд 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болон түүнээс өмнө гэрээ байгуулж, шимтгэл төлж байсан бүх даатгуулагч Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдаад явна. Өөрөөр хэлбэл, гэрээ нь дууссан, шимтгэл төлөлтөө зог­соосон даатгуулагч нийг­­мийн даатгалын бай­гууллагад хүсэлт гаргасан тохиолдол энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой. Даатгуулагч сард 56,700 төгрөгийн шимт­гэлээс чөлөөлөх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөс өндөр дүнгээр гэрээ байгуулсан даатгуулагч чөлөөлсөн шимтгэлээс илүү гарсан хэсгийг өөрөө хариуцаж төлнө. Нэмж хэлэхэд, гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс төлж байсан бол энэ хуулийн дагуу өөрөөс төлөх 26,250 төгрөгийн шимтгэлээс чөлөөлж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлдөг сайн дурын даатгуулагч өөрөө хүсвэл өнөөдөр очоод ч Нийгмийн даатгалын дэвтэр дээрээ 4-9 сарын бичилт, баталгаажилтаа хийлгээд авч болно. Мөн шимтгэлээ урьдчилаад төлсөн даат­гуулагчид буцааж авах юм уу, дараа сард нь шилжүүлэх эрх нь нээлттэй.

-Иргэд, байгуул­лагуудаас талархал олон ирж байгаа байх. Зургаан сарын турш шимтгэлээс чөлөөлөгдөнө гэдэг бодит дэмжлэг шүү дээ?

-Нийгмийн даатгалын үндсэн зорилго нь даат­гуулагчид нийгмийн эрсдэл тохиолдох үед санхүүгийн эрсдэлийг нь хуваалцахад оршдог. Цар тахлын улмаас олон хүний орлого буурч, хүнд байдалд орсон. Чухам энэ үед авч хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын энэхүү бодлого нь олон хүний талархалыг хүлээж байна. Нөгөө талаас иргэ­дийн шимтгэл тасрахгүй болж, ирээдүйн баталгаа нь хангагдаж байгаа юм. Одоо харин иргэддээ халд­вар хамгааллын дэглэмээ сахиж, нийгмийн даатгалын байгууллагад дараалал үүс­гэлгүй, аль болох цахим үйлчилгээг сонгон үйлч­лүүлэхийг зөвлөж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top