Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж гэдэг шиг өнөө жилийн хавар уртаас урт болж, улам сунасаар. Хоёр хоног бороотой гэвэл дөрөв хоног шороо нүдэж, хавар цагийн буулга хатуугаас хатуу байх ажээ. Тэнгэрийн ая харж, хур царайчилсан малчид дэнж бараадан зусландаа гарсан ч дэлхий ээжийн өнгө гундуу, хахир хаврын хорогдол татраагүй байна.
Сайны хажуугаар саар гэдэг үг энэ тохиолдолд өөрчлөгдөж “Саарын хажуугаар саар” болон хувирч байна. Өвлийн зуд, хаврын хатуутай хотоо харлуулах шахам тэмцэлдэж байж авч үлдсэн цөөхөн хэдэн малыг нь хулгайч нар өдөр шөнөгүй зөөж, өглөө оройгүй тууж эхэлжээ. Өргүүлийн өнчин сарвайг гэрийнх нь хаяанаас хулгайлах нь холгүй болж сүүлгүй боохойнууд гаарч байгааг Мал хамгаалах нийгэмлэгийнхэнд малчид уламжилсны дагуу явж ажиллаад ирлээ. Цэнхэрийн голоос Бөхөн шарын нуруу, Булган аймгийн Булган хангай уулаас Архангай аймгийн Булган уул хүртэл хэсэж малчидтай уулзан, малын хулгайн нөхцөл байдлыг тандлаа.
Хуучин цагт Алтан овоо, Шилийн богд уул сайн эрсийн хөлийн газар байсан гэдэг бол одоо Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумд муу эрсийн үүр болж, харснаа авдаг хаяагаа хадардаг хүмүүс тэр нутагт олширчээ. Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумд газрын зурагт хагас дугуй хэлбэрээр хавирган сар мэт тэмдэглэгдсэнээс харахад, уртаашаа 100 гаруй километр газарт, хууль хяналтынхны яриагаар 40 орчим хулгайч орогнож, бүлэглэн ёстой улаа үзсэн цөөврүүд шиг байх болсоор олон он улирч байгаа гэх. Нутгийн иргэд, болон ойролцоо сумдын иргэд тэдний нэрийг, тэр нутгийн хүмүүсийн тухай сонсохоос ч эмээж байна.
Монгол орны хамгийн олон адуутай Булган аймгийн Сайхан сум. Сайхан айрагтай, сайхан нэрэндээ зохицсон сайхан нутгийн иргэд хүндхэн хаврыг туулж байна. Цагаан сарын үеэр орсон их цас мал, малчин хоёрыг их ч туйлдуулж, овоо их хохирол, хорогдолтой хаврын адаг сартай золгожээ. Замын хажуугаар өнгөрөх адуун сүрэгт зоо тэнэгэр нэг ч адуу үгүй. Ташаан толгой нь ёрдойж, дэлээ даахгүй унжсан далантай адуу, мөн хэмжээний тураалд орсон үхэр сүрэг алаг борог хөөн бүдчиж ногоо идэх үү, нохой идэх үү гэдэг дээрээ байна. Сайны ерөөл, ирж яваа цаг учраас одоо мал хорогдоод байх нь хэр барагтай биз. Гэхдээ малчдын санааг цаг ямагт чилээж байгаа нэг асуудал нь мөнөөх малын хулгай. Толгойгоо даахгүй шахам байгаа адууг шөнөд нь тууж одох, үхрийг бэлчээрт нь нядлах тохиолдол бүртгэгдсээр. Өдийний мал, тэр дундаа хүндхэн цагийг гэтэлж яваа энэ нутгийн малын мах гэж улаан зовлого баймаар. Гэтэл хулгай, бас дахин хулгайн аюул малчдын өмнө нэн тулгамдсан асуудал болон даамжирсаар хулгайлагдсан малын зовлого гээд хэлчихэд хол зөрөхгүй туранхай мах суурин газарт нийлүүлэгдсээр. Тэр дундаа Мануулт баг буюу сумын баруун биеэр энэ үзэгдэл ерөнхийдөө хавтгай. Өргүүлийн өнчин сарвайг ч өргөж явчих гээд хэцүүхэн байна хэмээн халаглаж сууна. Малчид нэр усаа зарлаад, ярилцлага өгөөд хулгайчидтай тэмцэхээс үнэндээ айж байна. Тэдний дарамтад орж хүмүүсийн хэлдгээр “Сүнсээ зайлтал айх” болжээ. Алдсан арван адууныхаа хойноос хөөцөлдөөд хэл ам хийгээд, эрэл сурал болоод эхэлбэл, зөрж ирээд азаргаар нь, ганц унага ч үлдээлгүй тууна гэхээс тэд айж байна. Танихгүй хүмүүс ирээд мэнд мэдэлцээд нутаг ус асуухад Архангай аймгийн тэр сумаас явна гэвэл авдраа уудалж байдгаа барьж, архи дарсаар дайлж цайлан ая тал зассаар үддэг байна. Аяганы амсар зуулгалгүй ая дан муутайхан гаргавал шөнөд нь хөөж оддог аж.
Хамгийн олон адуутай Сайхан сум малын хулгайгаагаар улсын хэмжээнд гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсээр мөн л олон оныг үдэж. Мануулт багийн Ч.Бямбасүрэн гуайнх нэг сарын хугацаанд 100 гаруй адуугаа алдаж араас нь хоёр сарын хугацаанд явахад, эрлийн сураг гарах нь битгий хэл улам бүдгэрсээр. Тэднийхээс нийт 150 гаруй адуу дутаж буй бөгөөд хаврын их цасанд Бүрдний голд үхсэн хэдэн зуун адууг Бямбасүрэн гуай бүгдийг нь очиж үзэхэд өөрийнхөөс нь 30 хүрэхгүй сэг зэм байж. Үлдсэн нь хаачив. Яг тэр их цасны үеэр энэ нутагт муудсан адуу авна, өвсөөр солино гэсэн хэдэн зуун хүн хөлхсөн байна. Чоно борооноор гэгчээр ийм үеийг малын хулгайч нар мөн л овжин ашиглаж. Азаргатай адууг машинаар хөөгөөд сөхөрч унасныг нь машин дээрээ шидчихээд яваад байсныг олон ч хүн үзэж, харсан гэнэ. Бямбасүрэн гуайн дүүгийнхээс 50, Сэнгээ гуайнхаас 30, өөр олон айл зудны үеэр яг ингэж адуугаа алджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн айл л гэхэд хэдхэн хоногийн өмнө хөрш сумаасаа азарга адуугаа олж иржээ. Тэнд адууг нь адгуулж байсан хүмүүс өвсөөр сольж авсан гэх тайлбартай угтсан гэдэг. Могод, Баян-Агт сумын иргэд яг ижил асуудал, ижил зовлонтой.
Булганчуудын дунд “Адууны толгой дагавал Архангай орно” гэсэн яриа бий. Яг хэзээнээс хэлэгдэж эхэлснийг мэдэхгүй ч Архангай аймгийнхныг “хулгайч” гэж хэлж байгаа нь тэр. Ийнхүү адууны толгой дагасаар Архангай аймаг орлоо. Архангайнхан мэдээж бүгдээрээ хулгайч хүмүүс биш. Цөөн хэдэн шуналдаа хөтлөгдсөн хүмүүс нутгийнхаа нэрийг ийнхүү бүхэлд нь сэвтүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэвэл архангайнхан малын хулгайн хөлд бүр ихээр нэрвэгджээ. Цэнхэр сум малын хулгайн гаралтаараа улсдаа тэргүүлдэг. Зөвхөн Буйлан багийн иргэд хагас жилийн хугацаанд мянга гаруй адуу хулгайд алдсан, малын хулгайч нар Тамирын голын мөсөн доор хулгайлсан 400 адууныхаа толгойг нуусан гээд хамгийн өндөр үзүүлэлт, хамгийн жигшүүрт мэдээ тэнд яригдана. Дээр нэрэлсэн гурван сумын малын хулгайчдын бүлэглэл хөрш аймгийн, хөрш сумдынхаа малчдыг зовоохоос ч илүүтэй хаяагаа хадарч айл саахалтынхнаасаа хулгайлдаг нь энэ. Тэд хулгайч хүмүүсээ бүгдийг нь танина, хэн хулгайлдгийг хуруу даран нэрлэнэ. Гэхдээ тэдэнтэй тэмцэх боломжгүй. Тэмцээд, цагдаатайгаа нийлээд олоод, нотлоод явуулахад прокурор, шүүхийн түвшинд асуудал тэс өөрөөр яригддаг. Нотлох баримт, саатуулах хуулийн хугацаа гэх мэтээр процессийн асуудлаас болж хулгайч нар нэг өдөр, хэдхэн хоног саатуулагдаад гарч ирнэ. Гарч ирээд гэрээр нь зочилно, агсам тавина, зодно, айлган сүрдүүлнэ, адуу малыг нь дахиад хулгайлна. Ийм л процессийн дунд Архангайн малчид үнэхээр туйлдаж гүйцжээ.
Гэхдээ бас архангайнхан дунд нэг яриа бий. Алс баруун хязгаарын “цагаач” иргэд малын хулгай хийдэг гэх. Энэ яриа үнэний ортойг, ерөөсөө үнэн гэдгийг нотлон, нотлон ярина. Хэдхэн жилийн өмнө 20 орчим малтай ирсэн баруун аймгийн нэгэн өрх энэ бүс нутгийн нэгэн нурууны хүн суурьшаагүй хэсэгт улс түмнээс зайдуу бууриа засчээ. Гэтэл хэдхэн жилийн дараа буюу өнөөдөр 6-7 мянган малтай ус нутгийнхаа хамгийн чинээлэг айл болон мандсан байдаг. 20 малыг зургаан мянга хүргэсэн малч ухааныг гайхаад барамгүй. Мянгат малчныхаа найрыг ёстой л дэнж хотойтол хийсэн гэх яриа амнаас ам дамжин хийссээр. Тэднийх малаа бараг 300 дахин өсгөж чадсан байгаагаас харахад, банкны салбараас ч ашигтай, үр бүтээлтэй ажиллажээ. Яаж гэдэг ганцхан асуултыг хууль хяналтынхан тавих биз. Мөн л баруун хязгаарын нэгэн айл саяын жишээгээр Архангайд шилжиж ирээд улс хүний нүднээс далд буужээ. Өнөөдөр чамлахааргүй хөрөнгөтэй болсон ч хэдэн хүүхэд нь бүгдээрээ өөр, өөр аймгийн цагдаагийн газарт малын хулгайн хэргийн сэжигтнээр татагдан байцаагдаж байгаа гэх. Нутгийн иргэд болоод “цагаач” иргэдийн дунд ийм л асуудал байгаа бололтой. Хэн нь хэн бэ гэдгийг хууль хяналтынхан шүүх биз. Яагаад гэвэл баруун аймгийнхан хулгайч гэдэг нэр хочийг өгөөд өөрсдөө хулгайгаа нуудаг юм манай нутгийнхан гэж ам ангайх цөөнгүй хүн бас таарч байсан. Цэнхэр, Батцэнгэл сум нь хэр баргийн унаа тэрэг давж хүрэмгүй өтгөн ой мод, өндөр уул нуруу олонтой. Хамгийн багадаа нэг ой 60 километрээс багагүй үргэлжилнэ гээд тооцвол, тэнд орсон адууг битгий хэл өөр бусад юуг ч олохгүй нь ойлгомжтой биз. Үүнийг л малын хулгайчид овжиноор ашигладаг байна. Азарга адуу мод руу тууж оруулаад азарганых нь хүзүүнд бүдүүн мод зүүж дөнгөлдөг гэнэ. Ингээд адуу нь хаашаа ч явахгүй, хулгайч нөхөр хүссэн үедээ нядалж зарсаар дуусгадгийг хүн бүр гадарлах болжээ.
Ийм л хувь тохиолд ээрэгдсэн малчин түмэн “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийнхэнд ханджээ. Малчдыг дээрэлхэж, малыг нь яргалдаг бүлэг хулгайчийн гарыг нугалах хүн ар Халхад алга гэсэн ойлголт хатуу тогтсон байна. Гэхдээ “Өнчин ишиг” хулгайлсан ч хуулийн хариуцлага хүлээдэг болох эрх зүйн зохицуулалтыг хийж чадсан “Мал хамгаалах нийгэмлэгийнхэн” хуулийн хэрэгжилтийг хангахын тулд энэ бүс нутгийн малчин түмэнтэй хамтран ажиллахаар боллоо. Бид эргэж уулзана. Хулгайчийн хөлийг тушиж, малчин түмний нурууг тэнийлгэн, өмчөө хамгаалахад нь тууштай дэмжлэг үзүүлэх болно.
Сэтгэгдэл ( 2 )
hen huuliin said bh ni gol bish!Harin Mongolchuud bugd hulgaich bish zub sn uilsten mash olon bgaa.Hezee bhdaa Mongol hun maliin tolgoi tasdaj goliin us,musnii door nuuj bsan um bee.?! Rashaan,gol usandaa ulaan,tsgaaniig dusaahgui baisan ard tumen bish biluu!!!Hulgaichidiig nuun daldalj abilga abdag tsagdaa,huuli,shuuhiijhen bgaa tsagt ene baidal zasrahgui.Maliin hulgai hiisen huniig Mongol hunii amidraliin esreg yalt uildel hiisen gej uzej tsaaz ugbel taarna! Ter ued l ene baidal zasrah bh....30 jild hunee haysan niigmiin setgehuin doroitol,chenjiin amidraltai baidal aimshig
huuliin saidaar ene hun baigaa tsagt uvsiinhan hulgaigaa hiiseer l baih bolno