Ковид-19 халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 04-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлэх тухай” А/285 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдөр /2020.05.07/ 08:00-18:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжиж, хөл хорионы дэглэм тогтоолоо.
Хөл хориог Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтоосон.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлаж байна.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хөл хорио тогтоох хугацаанд ажлын цагийн горимдоо зохицуулалт хийж ажиллах ёстой.
Дадлага, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал хүсэлт болон асууж тодруулах зүйлийг 7000-7105 шууд утсаар хүлээж авч хариулт өгч байна.
Шууд утсаар тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх үүрэгтэй.
Иргэдээс ирсэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар нэг цаг тутамд мэдээлэл өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )