Шинжээчид: КОВИД-19 улмаас сүрьеэгийн нас баралт нэмэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар сүрьеэ өвчтэй олон мянган хүн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж чадахгүй болсны улмаас сүрьеэнээс үүдэлтэй нас баралт нэмэгдэнэ гэж “Stop TB Partnership” олон улсын байгууллагын судалгаанд дурджээ.

Шинжээчид богино хугацааны хөл хорионы арга хэмжээ Энэтхэг, Кени, Украин зэрэг сүрьеэгийн өвчлөл өндөр орнуудын жишээн дээр ойрын таван жилд сүрьеэгийн өвчлөл, нас баралтад хэрхэн нөлөөлөхийг судалжээ. Өөдрөг төсөөллөөр, 2025 он гэхэд дэлхий дахинд сүрьеэгээр өвчилсөн хүний тоо 1.8 саяар нэмэгдэж, нийт 342.5 мянган хүн нас барна гэсэн тооцоолол гарчээ. Харин муугаар бодвол таван жилийн дотор 6.3 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.4 сая нас барна гэж шинжээчид тооцоолжээ.

Хорио цээрийн дэглэмийн улмаас сүрьеэтэй өвчтөнүүдийг оношлох, эмчлэх боломжгүй болсноос гадна вакцинжуулалтын ажил орхигдож байгаа тул энэ өвчинтэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг 5-8 жилээр хойш нь татна гэж тус байгууллага үзэж байна.

Тиймээс хорио цээрийн дэглэмийг цуцалсны дараа шуурхай арга хэмжээ авч, илүү хүч, хөрөнгө зарцуулсны дүнд энэ байдлыг залруулж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд жил бүр 10 сая хүн сүрьеэ тусаж, 1.5 сая орчим хүн энэ өвчний улмаас нас бардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top