У.Хүрэлсүх: Вакцин гартал сэтгэл амар байж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

“COVID-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал дахь хээрийн эмнэлэгт үргэлжиллээ. Дадлага сургуулийн явцтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар танилцав.

Сургуулилтын үеэр цар тахлын үед төөрсөн хүмүүст сануулга дохио өгөх анхааруулах автомат удирдлагатай дроныг нисгэв. Уг дроныг цар тахлын үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалтаар ашиглаж болох юм байна. Нэг удаа 10 минутын хугацаатай нисгэн, 1 га талбайг ариутгах боломжтой ажээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхий дахинд 3 сая хүн короновирусний халдвар авлаа. Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо тараагаагүй цөөхөн улсын нэг болоод байна. Гамшгаас хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Өнөөдөр дадлага сургуультай биеэр очиж танилцлаа. Улсын хэмжээнд бэлэн байдлыг бүрдүүлж чадсан байна гэж үзэж байна. 

Вакцин гарч байж бидний санаа амарна. Доод тал нь нэг жилийн дараа сэтгэл амар байж болно. Тиймээс ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээ авах ёстойг ойлгож мэдэх хэрэгтэй. Цаашид дадлага сургуулийг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, нийслэл хотод шат дараатай хийнэ. Дахин дахин хийгээд байхаар иргэд сэтгэл санааны хувь ч бэлэн болно” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр дэлхийн 215 улс, бүс нутагт COVID-19 халдвар гараад буйг та бүхэн мэднэ. Манай улсад 41 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ коронавирусний асуудлыг "дайн" гэж ойлгох ёстой гэсэн зөвлөмж өгч байгаа. "Дайн"-д бэлтгэл сайн байж ялах боломж бүрдэнэ. Тэр утгаараа тулааны бэлэн байдлаа хангаж, хамгаалах бус довтлох үйл ажиллагаанд орох цаг болсон. Өнөөдрийн дадлага сургуулилалт нь хүн амын дунд халдвар тархсан тохиолдолд Эрүүл мэндийн яам бэлтгэлээ хэр хангасан, салбар хоорондын уялдаа, бэлэн байдлаа хэрхэн хадгалсныг шалгаж, хаана нь цоорхой гарч байгааг судалж, шаардлагатай, дутуу арга хэмжээгээ олж харж, анхаарал хандуулах ёстой. Энд авчирсан тоног төхөөрөмж нь манай эмнэлгүүдийн тоног төхөөрөмж. Хэмжээгээрээ манай улсад хамгийн том эмнэлэг нь 41 мянган метр квадрат талбайтай Эх, хүүхдийн үндэсний төв эмнэлэг байдаг. Үүний дараа орох 34.2 мянган метр квадрат талбай бүхий энэ эмнэлгийг КОВИД-19-ийн үед ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор бэлтгэж байна. Бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Засгийн газрын нөөц хөрөнгөөр эрчимт эмчилгээнийхээ орыг 415-аар нэмэгдүүлэх боломжтой болсон. Түүгээр зогсохгүй иж бүрэн эрчимт эмчилгээний цогц ор бүрдүүлнэ. Хэдий 300 ор гэж буй боловч шаардлага гарвал бид 1500 иж бүрэн эрчимт эмчилгээний орыг дэлгэх хүчин чадалтай болсон гэхэд болно. Мөн халдвар гарсан үеийн тохиолдол шиг цагийн байдлаа үнэлэн сургуулилалт хийсэн ба эмч нараа найман цагийн хугацаагаар ажиллуулахаар тооцож бэлтгэсэн. Хамгаалах хэрэгсэлтэй найман цаг байна гэдэг их ядрах цаг хугацаа тул хувцсаа тайлахад нь хяналт тавих хүмүүс болон толь зэрэг хэрэгтэй бүх зүйлсийг байрлуулж өгсөн" гэв.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top