П.Нямлхагва: Улс орны хөгжлийн чиг хандлага нь удирдагчдаа биш сонгогчдоо байдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

-Сонгогчид буруу хүнээ сонгож гаргачихаад биднийг зөв удирдаж, зөв хууль хийж чадсангүй гэж зүхээд байдаг-

Сонгуулийн эргэн тойронд “намчирхах”, хэн нэгний “цүнх савыг баригч” нэр зүүх, “халаасанд нь багтах” зэрэг олон нэр томъёо гарч ирдэг. Энэ нэр томъёо бидний амны уншлага болж дассан нь мууд хүн амархан дасдагийн жишээ гэлтэй. Иргэдэд сонгуулийн боловсролыг бүрэн олгоогүйгээс буруу сонголт хийж байна гэж олон жил ярьсан. Тэгвэл “Зөв сонголт-Бидний ирээдүй” төрийн бус байгууллага сонгогчдын боловсролыг  аль нэг нам хүчинд үйлчлэхгүйгээр, зөв хүртээмжтэй олгохоор зорин ажиллаж байгаа аж. Тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Нямлхагвын яриаг хүргэе


-Юуны өмнө “Зөв сонголт-Бидний ирээдүй” төрийн бус байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?

-Энэхүү байгууллага нь ямар нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийн нөмөр сүүдэр дор байгуулагдаагүй. Зөвхөн шударга үнэний төлөө зөв нийгэм бүтээхийн төлөө иргэд сонгогчдыг уриалж, сонголтоо зөв хийхэд нь туслах, хууль эрх зүйн эрүүл орчныг бий болгох зорилготой байгууллага. Сонгуулийн тухай хуулийн 5.5-д сонгуулийн үйл ажиллагааг хянах, сонгуулийн талаарх мэдлэг мэдээллийг түмэнд түгээх үйл ажиллагаатай төрийн бус байгууллага байж болно гэсэн заалт бий. Нийгэмд нууц биш болсон луйварчид болон сонгуулийн төлөөх улайрал, тэр улс төрчид зүтгэвэл тэдэн төгрөг өгнө гэдэг буруу хандлагыг илчлэх зорилготой. Хууль тогтоох байгууллага төрийн бодлогыг боловсруулж байгаа төрийн дээдчүүд ард иргэдийн амьдралыг туйлдуулж байна шүү дээ.

-Нэр дэвшигч, сонгогч нарын дунд үүсдэг буй гаж тогтолцоо олон. Энд бидон, тарааж, тэнд гурил өгч байна л гэх?

-Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг үг байдаг. Өнөөдөр энд 20 мянган төгрөг аваад хэн дуртайг нь Их хурлын суудал бөглүүлснээс болж тэнд бор зүрхээрээ ажиллаж хөдөлмөрлөж байгаа жижиг дунд үйлдвэрлэгч залууд төрийн бодлого нь нөлөөлдөг. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг “олигархиуд” төрд улиран сонгогдож ахиц дэвшил авчрахаасаа илүүтэй атгаг санаагаа гүйцэлдүүлдэг. Бид сонголтоо зөв хийчих юм бол зөв нийгэм бий болно шүү дээ. Улс орны хөгжлийн чиг хандлага нь удирдагчдаа биш сонгогчдоо байдаг. Сонгогчид буруу хүнээ сонгож гаргачихаад биднийг зөв удирдаж, зөв хууль хийж чадсангүй гэж зүхээд байдаг. Зөв хүнийг гаргаж ирэхийн тулд өөрсдөө шударга байх ёстой. Хэн нэгэн хүнд мөнгөний төлөө ажилладаггүй, ашиг хонжоо хайдаггүй байх ёстой. Аль ч хороон дээр очсон ард иргэд нь хэд хэдэн нам бүлэглэлд хуваагдчихсан байх юм. Та нар аль намын хүн бэ гэж цагдаж байцаагаад, хаана, хэн, юу тараах гэж байна гэсэн улс л байна. Ард иргэд шуудай будаа, хушуу хоргой аваад санал дугуйлах нь зөвхөн өнөөдрийн нь хэрэгцээ боловч дөрвөн жилийн хугацаанд улс орон ямар их хохирол амсав аа гэдгийг бололцох хэрэгтэй. Төрийн алба нь хороо багаасаа эхлээд дээд байгууллага хүртлээ танил тал, авлига зусарт идэгдчихсэн. Цахим тогтолцоо, хэвлэл мэдээллийн байгууллага хүртэл улс төрчдийн талд мөнгөөр ажиллаж байна. Энэ гаж тогтолцоог халах цаг нь болсон. Энэ бүхнийг баримт нотолгоо дээр тулгуурлан манай төрийн бус байгууллагад мэдээлээч ээ. Бид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор уламжлах, шүүхэд хандах  эрхтэй. Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг дээ.

-Маш их сэжиг таамаг дагуулсан өнөөдрийн нийгэмд танай байгууллагын ард аль нэг намын хүчин байна гэж хардаж болохоор. Эцсийн бүлэгт та бүхэнд ямар ашиг тустай юм бэ?

-Энэ тэмцлийн үр дүнд 76 гишүүн дунд гурав ч бай, нэг ч бай шударга гишүүн сонгогдвол зорилго маань биелнэ. Сонгуулийн үеэр ч гэлтгүй үргэлж сонгогчдын боловсролд анхаарч байх хэрэгтэй байна. Аль ч нам эвсэл хамааралгүйгээр улсын төсвөөс мөнгө зарцуулж сургалт явуулдаг баймаар юм байна. Иргэд сонгогчдынхоо төлөө ажилладаг сонгогчийн боловсрол гэж сайхан үгээр халхавч хийж улс төрд авирах шатаа хийдэг.Манай байгууллага тэднээс юугаараа ялгаатай вэ гэхээр бид улс төрд санаархаагүй.

-Сонгуулийн боловсрол гэдэг зүйлийг сүүлийн 30 жил ярилаа шүү дээ. Ахлах  ангийнхнаас нь эхлээд сонголт гэдэг юу юм бэ гэдгийг ойлгуулахаас эхлэх байх?

-Иргэд олон нийтийн анхан шатны улс төрийн мэдлэгийг сонгуулийн боловсрол гэдэг. Төдий олон жилийн хугацаанд боловсроогүй сонгогчдод өдий болтол боловсрол олгоно гээд ярьж байх нь өөрөө эмгэнэл юм л даа. Африкийн оронд эмэгтэйчүүдийг сонгууль өгөхийг хориглосон тохиолдол бий. Сонгох эрх гэдэг эрхэм эрх шүү.  Сонголт хийснээрээ ямар үр дүн учрах юм, хийгээгүйгээрээ ямар үр дүн гарах юм гэдгийг багаас нь ойлгуулаагүйгээс болж арван төгрөгийн төлөө саналаа худалдагсад өсөж өндийж байна. Энэ эрхэм эрхийг нь залууст ойлгуулах хэрэгтэй байна. Боловсрол гэхээр дээд сургууль төгссөн диплом гэж хардаг. Гэтэл тийм биш. Үндсэн хуульд заасан эрх, үүргээ мэддэг байх, үнэн худлыг ялган таних чадвартай иргэдийг нийгэмд бий болгомоор байна. Жишээ, нь гурван мандаттай газар саналын хуудас дээр заавал гурван хүнийг дугуйлах хэрэгтэй болно оо доо. Гэтэл тухайн сонгогчид нэг  хүн нь таалагдаагүй учраас дугуйлахгүй орхичихвол саналын хуудас хүчингүй болдог. Энэ мэтийг мэддэг нь ч байна, мэдэхгүй нь ч байна. Хэрэв бидний ажлыг дэмжээд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд албан ёсоор ажиллуулбал бидний ажилд түлхэц болно гэж бодох юм.

-Энэхүү боловсролоо хэрхэн түгээх төлөвлөгөө гаргасан бэ, орон нутагт хүрч ажиллах боломж бололцоо хэр байна вэ?

-Дэлхийг бүрхсэн аалзны тор шиг интернэт орчинд өнөөдөр хаа ч хүрч ажиллах боломж бүрдэж байна. Малчин залуу өндөр хурдны интернеттэй болчихсон хонио сансраас хариулаад сууж байна. Хүн бүр цахим хаягтай болчихсон санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүссэн мэдээлээ авдаг болж байна. “Зөв сонголт-Бидний ирээдүй” цахим хуудсаараа дамжуулж мэдээллийг түгээнэ. Бидэнд бэрхшээлүүд тулгарч байна л даа. Улс төрийн нам хүчнүүд бүх л хэвлэл мэдээллийн байгууллагаар төлбөртэй мэдээ цацуулаад эхэлчихсэн энэ үед ардаа ивээн тэтгэгч байхгүй мань мэтэд мэдээллээ түгээхэд хүндрэлтэй байна. Үүний хажуугаар эх орноо гэсэн сэтгэлтэй олон залуус дэмжье, хамтран зүтгэе гэж байгаад баяртай байна. Анх сонгууль өгснөөс хойш долоон удаа сонголт хийхэд иргэддээ сонгуулийн боловсролыг олгоогүй. Зүйрлэвэл 1990 хэдэн онд өмч хувьчлал гэж гарахад хувийн өмчлөлийн ач холбогдол, үнэ цэнийн талаар мэдлэг өгөөгүйгээс болж бид хохирсон. Хэдэн дарга л мэдэж байсан учраас том том үл хөдлөх хөрөнгө, баахан газар хувьчлаад авчихсан байсан. Тийм болохоор сонгуулийн боловсролыг олгоход хэвлэл мэдээллийн байгууллагуудаа тусалж дэмжихийг уриалж байна. Сонгуулийн тухай хууль зөрчигдөж буй мэдээ мэдээллийг манай байгууллагад өгч, хамтдаа тэмцэж, нэгдэх хүмүүст нээлттэй гэдгийг дашрамд хэлье. Үе үеийн яруу найрагчид эх орончид байдаг. Жалганд ассан түүдэг шиг нэг дүрэлзээд л унтармааргүй байна. Бүгдээрээ нэг нэгнээ дэмжье.

-Яруу найрагч гэснээс Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар гээд үе үеийн нэрт найрагчид төрд дуугаа өргөж, эх орныхоо төлөө асаж явсан. Тэдний түүчээ болж Б.Наминчимэд зохиолчоос эхлээд нэр дэвшиж байсан ч хүмүүс бий. Өдгөө ч хэд хэдэн яруу найрагч гишүүнтэй. Ер нь зөв хүн гэж ямар хүнийг хэлээд байна вэ?

-Яруу найрагчид нийгэмд гарч буй сэтгэл эмзэглэм асуудлыг илүү их сэрж мэдэрч, анзаардаг. Тэд хэзээ ч улс төрд гарахын төлөө дуугардаггүй, улс эх орныхоо төлөө дуугардаг. Хэлэхээ хэлж, хийхээ хийж чаддаг улс. Судсаар минь яруу найрагчийн цус гүйж байгаа юм бол эх орныхоо төлөө хийж чадах бүхнээ хийх цаг минь болсон. Ариун төр, амгалан нийгэм, аз жаргалтай иргэний төлөө хүн бүр тэмцэж, дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна. Хүн бүхэн өөрийн үзэл бодолтой, нэгтгэн дүгнэх чадвартай, аливааг үнэлэх үнэлэмжтэй шүү дээ. Зөв хүн гэдэг хууль эрх зүйн өндөр мэдрэмжтэй, түүнийгээ дагаж мөрддөг, эх оронч үзэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй хүнийг хэлнэ. Ямар нэг нам хүчний талд үйлчилдэггүй, эх оронч, чин шударга сэтгэлтэй хүмүүс бидэнтэй нэгдэж болно. Бид олон зуун мянган хандалттай цахим хуудас худалдаж авахыг хүсээгүй. Анхнаасаа л шударгаар ажиллаж “Зөв сонголт-Бидний ирээдүй” цахим хуудсаа нээгээд 10 хоноход 3000 гаруй гишүүнтэй болсон.  Бид хэн нэгнийг илэрхий харлуулж, хэн нэгнийг илт дэмжихгүйгээр чин шударгыг барьж ажиллана.

-Тэгвэл Улсын Их Хуралд ямар хүмүүс байх ёстой вэ?

-Эрх зүйн өндөр мэдлэгтэй, салбар салбараа сайн мэддэг хүмүүс Улсын Их Хуралд бүрдэж байж улс орон хөгжинө. Эрх зүй мэдлэгтэй малчин хүн хөдөө аж ахуйн салбараа сайн мэднэ.  Соёл урлагаа гаргууд мэддэг дуучин хүн соёл урлагийн салбараа сайн мэднэ. Спортынхоо шат шатныхаа зовлон жаргалыг өөрийн биеэр мэдэрсэн хүн ч Улсын Их Хуралд сууж болно шүү дээ. Гэтэл эсрэгээрээ салбараа гадарлахгүй хүмүүсээр удирдуулаад байгаад учир байна шүү. Сонгох эрх нь байгаа ч гэсэн ямар хүнийг сонгох вэ гэдэг үүргээ ухамсарлах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(64.119.16.126) 2020 оны 05 сарын 09

Хөдөөний хар

0  |  0
Sercgee (203.91.115.51) 2020 оны 05 сарын 08

Zuw sh uu

0  |  0
Top