...Аяа, хөөрхий, миний муу аав шиг, ээж шиг ”Аялгуу сайхан монгол хэл” минь үү, Та...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15


Равжайн Чулуунбазар

1945 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт төрсөн. 1969 онд МУИС-ийн монгол хэлний анги дүүргэж Дорноговийн Зүүнбаянгийн сургуульд насаараа багшилжээ. 1975 онд “Сулинхээр” хэмээх анхны номоо гаргасан. 2008 онд “Соёолон шүлгийн тоос”, 2011 онд “Уяхан замбуутив” шүлгийн түүврүүд хэвлүүлжээ. Р.Чойномын нэрэмжит шагналт, хэл шинжлэлийн магистр.

 

Монгол хэл 

1.

Аяа, хөөрхий, миний муу аав шиг, ээж шиг

"Аялгуу сайхан монгол хэл" минь үү, Та

Аль эрт өнгөрсөн хүн шиг таг мартагдаад

Ажиг түжин ажирч, амар жимэр нойрсоно уу даа.

Ардын дуу, аман зохиол,...

Нууц товчоон, Равжаа хутагт,

Ринчиний Чойномын шүлгийг

Амьд байхад арай ч ингэх болоогүй!

Босоод ир!

Амны бузар болсон яргачидтай ач тач үзэлцье!

2.

Дамдинсүрэн гуайн эзгүй хойгуур

"Дархан манай монгол" хэлэнд

Дайсны цэрэг шиг хэлгий, тултираа шүлэг шүглээд

Дамын наймаачид шиг даналзаж байна.

Ринчин авгайн эзгүй хойгуур

Этгээд үгсийн хар зах гарч

Эрээвэр хураавар харь хэлний үгс

Эзнээ алдсан мал шиг тэнэж байна.

Гаа багшийн маань эзгүй хойгуур,

Газрын холоос ганцаараа тасарсан түмний эх шиг

Гараад ирсэн, галтай цогтой ганц нэг шүлгийг

Гардан бариад авах хүнгүй хүүсэрч байна.

3.

Үлгэн салган муусайн шүлгүүд нь, монгол хэлээ

Үрэн таран хийгээд үхсэн эмгэнээс унгас гуйж байна.

Үрэлгэн зантай согтуу солиотой банди нар

"Үлэмжийн чанар"-ыг "Миний нутаг"-аас хөөж байна.

Чихэндээ чивэл чихсэн чийргүй монди нар

"Чингис" шүлгийг "Сумын наадам" дээр чичилж байна.

Өрөөлийн хэлээр, хэлд орсон нь азтай ч гэсэн

"Өвгөн партизаны яриа"-г ойлголгүй өөчилж байна.

Модон мохоо шүлэгчид монгол хэлээ,

Могой мэт гурав таслаад амьдаар нь авсалж байна.

Модон гитар азаргалан, асмантан хөөж

Монгол ардын дууг бөөстүүлж, боостуулж байна.

4

Кавказын уулын ханан хад, мөсөн оргилд

Хадааж явсан монгол цэргийн уухай хаачсан бэ?

Каспийн нуурын цэнгэг ус, цэнхэр мандалд

Халгиулж хөвсөн, үйсэн дээрх эхийн бүүвэй хаачсан бэ?

Бээжин дайдуу хотын хаад хатдыг бээрсэн гүрвүүл шиг

Бэмбэгнүүлж байсан монгол хэл яасан бэ?

"Бөөр бөгсөнд, цэр цээжинд" гээд бөөдий Тангадыг

Бөөс хуурс шиг бөмбөгнүүлж байсан монгол хэл яасан бэ?

Ай-ий-даа, миний муу хөөрхий, хөөрхөн, сайхан...

Аварга хөлгөн-айзам хөнгөн монгол хэл минь үү

Англи, орос, хятад хэлэнд нам цохиулаад

Амьсгаа хадгалан, амь тээрч хэвтэнэ үү дээ?

 

Онгодгүй оронцоглосон шүлэг мүлэг

 

Онгод орлоо гэж би онгирохгүй.

Ондоон хүнд зөндөөн л ордог гэсэн.

Одоо харин би түүнийг төсөөлөн бодсоноо

Ойролцоогоор буудлаа онох нь уу?, үгүй юү?

Харанхуй шөнө чүдэнз хавирах шиг,

Хавирсан чүдэнзний харвасан гэрэлд

Хайртай хүүхнээ олж харах шиг

Хамаг сэтгэл нь ханадаг шунадаг байх.

Харин тэр чүдэнз нь унтарчихвал

Харсан хүүхнээ алдчаад андуурч,

Хамаргүй, шүдгүй авгайг эндүүрч

Харанхуйд тэврээд хэвтэх шиг болдог байх.

Онгод нь ороогүй "хүчиндэж" бичсэн

Оч гэрэл гэгээ огт үгүй шүлэг чинь

Одоо цагийн байдсан охидын

Орилж бархирахтай ойролцоо ч юмуу даа.

Ха- ха-ха.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top