Бид ер нь хожим дурсахад зүгээр л орхичих байсан олон зүйлд сандарч, бачуурч явсан байдаг. Тэр нь ажил төрөл, эд хөрөнгө, амраг явдал гээд юу ч байж болно.
Яг энэ талаар “Хэд насална гэж тэр бүгдийн араас гүйсэн юм бол доо” гэж харамсаад тэнгэрт одсон хүнийг ч мэдэх юм. Дээр нь буруу ойлголцол, атаа жөтөө гэдэг эрчүүдийг эргэж уулзах нүүргүй болгосон нь ч бий.
Өнөөдөр улс төрийн тайзан дээр эргэлдэж байгаа зарим хүнийг харахад “Эд маань дараа нэг сайхан өдөр тааралдвал яана даа” гэж бодогдож л байдаг. Хэрэггүй зүйлд үрэх, хэлэх хэлэхгүй муу үгэнд зарцуулахад хорвоогийн амьдрал дэндүү богинохон. Хийморьтой, голтой, хүчтэй явахыг чухалчилж, аливааг урт хугацаанд харж сурах нь ялангуяа эрчүүдэд маань их хэрэгтэй юм. Чухам энд дурдахад тохирмоор “Тэнгэрийн амьтад” гэх сайхан шүлгийг яруу найрагч Санзайгалсангийн Ууганбаяр бичсэн нь бий.
“Салхинд алгадуулж өдөлсөн шувууны үр
Тэнгэр сандааж дэвсэн эр шувуу болсон байна
Санах санахгүйн гогцоонд гуниг зангидсан хүний үр
Тэнгэр зөгнөж ухаажсан өвгөн болсон байна
Таанын толгой хяргаж жигүүрлэсэн шувууны үр
Талын чулуунд өвдгөө шалбалж өссөн хүний үр
Тавилан заяаны зам дээр нэгэн цагт төрөөд
Таахын аргагүй төөрөг төөрөгөө дагасан байна...” гэдэг юм даа.
Сэтгэгдэл ( 0 )