АХБ | Монгол Улсад халдварын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа

2020 оны 05 сарын 11

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд  30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Тодруулбал, коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор манай улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгох аж.

Тодотгоход, цар тахал дэгдэж эхэлснээс хойш Азийн хөгжлийн банк Монгол Улсад хэд хэдэн төрлийн дэмжлэгийг үзүүлээд байна. Энэ оны хоёрдугаар сард одоо хэрэгжиж буй зээлийн санхүүжилтээс нэн хэрэгцээтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 1.4 сая ам.долларыг дахин хуваарилах шийдвэрийг гаргасан.

Гуравдугаар сард халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавх, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан.

Мөн гуравдугаар сарын 26-нд COVID-19-ын эсрэг тэмцэлд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах болон бусад шаардлагатай дэмжлэгт зориулан Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улсын Засгийн газар COVID-19-ыг тархаахгүй байх тал дээр үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буй ч халдварын тохиолдлын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа. Ирээдүйд гарч болзошгүй халдварт өвчний тархалт болоод нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын эрүүл мэндийн салбар эмзэг хэвээр байна.  “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөлд олгож буй энэхүү нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн гол тоног төхөөрөмжүүдийг сайжруулах юм. Ингэснээр цаашид тулгарч болох аливаа эрсдэлт нөхцөл байдалд бэлтгэлтэй байх, халдвар гарсан тохиолдолд түүнийг тархаахгүй байлгах зэрэгт чухал нөлөөтэй” гэв.

Халдварт өвчин тархаж эхэлсэн энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс Засгийн газар вирусний халдварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт тархаахгүй байх талаар хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зөвхөн гаднын улс орнуудаас ирсэн иргэдээс халдварын тохиолдол илэрсэн. Тооны хувьд ч харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын тооцоолж буйгаар гадаад улс орнуудад 150,000 гаруй Монгол иргэд оршин суугаа бөгөөд тэдгээрийн 9,900 орчим нь халдварын тархалт өндөртэй байгаа улс орнуудаас эх орондоо нэн даруй эргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа тухай Азийн хөгжлийн банк мэдэгдэлдээ онцолжээ.

Монгол Улсын нийт хүн амын 20 хувь буюу 772,000 гаруй иргэн коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй гэж Засгийн газар тооцоолсон. Үүний дотор ахмад настан болон архаг хууч өвчтэй хүмүүс нэн эмзэг бүлэгт хамаарч байна. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах өвчтөний тоо огцом өсөх тохиолдолд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийн дутагдал үүсэхээр байна. Тиймээс өвчлөлийг тандан судлах, оношлох тогтолцоог сайжруулаагүй нөхцөлд Монгол Улс коронавирусний  тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх болон нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй орны тоонд байсаар байна.

Азийн хөгжлийн банк “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн санхүүжилтийг 2012 оны арванхоёрдугаар сард анх баталсан. Цус сэлбэлтийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн халдвар хамгааллын чадавхыг бэхжүүлэх 38.38 сая ам.долларын өртөг бүхий энэхүү төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг АХБ-аас олгож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 480 мянган ам.долларын хамтарсан санхүүжилтийг уг төсөлд олгосон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top