Коронавирус урсгал дансны алдагдлыг өсгөв

2020 оны 05 сарын 11

Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хоёр сарын байдлаар 82.8 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 265.5 сая ам.доллароор муудсан үзүүлэлт юм.

Коронавирусний улмаас экспорт бууран, урсгал тэнцлийн алдагдал 169 сая ам.доллароор ихэссэний зэрэгцээ Гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт буурснаар санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеэс 191 сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ.

Урсгал дансны алдагдал  оны эхний хоёр  сард 439.7 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар тэлсэн үзүүлэлт.  Эдийн засгийн идэвхжил саарч бараа, үйлчилгээний импорт буурсан ч коронавирусний нөлөөгөөр нүүрс, газрын тосны экспорт хязгаарлагдсаны улмаас экспорт 30 хувиар агшиж, урсгал тэнцэлд сөргөөр нөлөөлжээ.

Оны эхний гурван  сараар авч үзвэл нүүрсний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар буураад байна.

Барааны тэнцэл оны эхний хоёр  сард 94 сая ам.долларын алдагдалтай гарсан. Эхний гурван сарын урьдчилсан тоон гүйцэтгэлээр 126 сая ам.долларын алдагдалтай гарах төлөвтэй байгааг Төв банкнаас гаргасан тайланд дурджээ.

Барааны худалдааны тэнцэл 2018 оны III улирлаас хойш анх удаа алдагдалтай гарч буй юм.

Экспортын орлого  оны эхний гурван  сард өмнөх жилийн мөн үеэс 42 хувиар буурсан. Үүний талаас илүү хувийг нүүрсний экспортын бууралт, үлдсэн хэсгийг зэсийн баяжмал, газрын тос, алт, цайр, мах, махан бүтээгдэхүүний экспортын бууралт тайлбарлаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top