Улсын онцгой комисс /УОК/-ийн Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.12/ мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг бүсчлэн гаргаж байгаа. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн. Үүн дагуу маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг гүйцэтгэж, 170 орчим монгол иргэнээ авчирна. Мөн энэ сарын 14-нд Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг, энэ сарын 15-нд Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөөд байна.
Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагын дагуу шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана.
Түүнчлэн Энэтхэг улс руу тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна.
Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь Элчин сайдын яамныхан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байгаа" гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга Г.Сугарбат “Тусгай үүргийн онгоцоор ирэхдээ эрүүл мэндийн хуудсыг гүйцэд, үнэн зөв бөглөх шаардлагатай. Тусгай үүргийн онгоцоор ирэх замд хоёр эмч тандалт судалгаа хийнэ. Нийтдээ 10 гаруй цагийн нислэг хийх учраас хувийн бэлтгэлээ базаах шаардлагатай. Ер нь N95 маск зүүх юм бол эрсдэл багасна гэдэг нь батлагдсан. Иргэд суудлаа сольж болохгүй, онгоцонд шилжилт хөдөлгөөн хийхгүй. Идэх уухаа тохируулж, хоёр эмчийн тавьсан шаардлагыг биелүүлж, хүүхдийнхээ хоол тэжээлийн бэлтгэлийг хангах шаардлагатай байна. Эрүүл мэндийн хуудсан дээрээ суудлын дугаар, ямар газраар явснаа бичих шаардлагатай” гэв.
Мөн тэрбээр “Цар тахлын үед мал амьтнаас гаралтай өвчлөлийн асуудал хавар эмзэг байдаг. Ховд аймаг руу 23 тарваганы мах оруулах гэсэн үйлдлийг илрүүлсэн. Ийм тохиолдол өдөрт 4-5 гарч байна. Амьтны түүхий цус уух зэрэг үйлдэл нь гоц халдварт өвчин тусах эрсдэл үүсгэдэг” гэдгийг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )