Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр /2020.05.14/ Европын холбооноос Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеаг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах талаар төрийн бүхий л шатанд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа дуулгаж, энэ ондоо багтан тус жагсаалтаас гарахаар зорьж байгаа талаар дурьджээ. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн байна.
Ноён Траян Христеа энэ үеэр Европын холбоо нь гуравдагч орнуудыг өнгөөр ялгасан “хар, саарал жагсаалт” гаргадаггүй, харин мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт гэж гаргадаг болохыг онцолсон. Европын комисс Монгол Улсыг энэ жагсаалтад оруулах шийдвэр гаргасан хэдий ч, энэ нь Европын парламентаар хэлэлцэгдэх бөгөөд хэрэв батлагдах тохиолдолд ирэх аравдугаар сараас эхлэн хэрэгжинэ. Гэхдээ энэ жагсаалтад орох тохиолдолд Европын холбооноос Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, зөвхөн мөнгөн гүйлгээнд харилцагчийг таньж мэдэх хяналт сайжрах талаар мэдээлэл солилцжээ.
Цаашид Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, холбогдох санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт цаашид хэвийн үргэлжлэх талаар ярилцжээ. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд техник туслалцаа үзүүлэх тал дээр дэмжихээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Битгий ингэж худлаа хэлж ард түмнээ хулхидаж байл даа. Хар жагсаалтад орсон бол үйлчилнэ