Улаанбаатар, Хонконг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн боломж, нөхцөл байдаг. Нэгдүгээрт тус бүсэд Монгол Улс Консулын газраа нээх, шууд нислэгтэй болох, Хонконгийн Хөрөнгийн биржтэй харилцаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн 4 дүгээр сард Хонконгод ажлын айлчлал хийхдээ тус улсын удирдлагуудтай уулзаж ярилцахдаа тохирсон билээ. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олов.
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх ёслолд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Мөн энэ үеэр МИАТ компани ч төлөөлөгчийн газраа нээв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай 30 орчим мянган иргэн Хонконгийг зорьжээ. Сүүлийн хоёр долоо хоногт шууд нислэгээр зорчих иргэдийн тоо эрс өссөн. Энэ нь иргэд хоорондын харилцаанд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай боломж гэж Хонгонг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхан ярьж байлаа.
Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд С.Батболд Хонконгод Ерөнхий консулын газар нээж байгаад Засгийн газар онцгой ач холбогдол өгч байна гээд Хонконг нь зүүн Азийн санхүү, эдийн засгийн гол төв юм. Бид хоёр талын харилцаа хамтын ажиллагааны давуу талаа түшиглэж, мөн эрчимжүүлэх зорилгоор ийнхүү Ерөнхий консулын газраа нээлээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн төлөөлөгчдийн түншлэл чухал гэдгийг тооцож МИАТ компани ч шууд нислэг үйлдэж эхэллээ. Шууд нислэг хийх тухай сүүлийн 10-аад жил ярьсан зүйл одоо бодит ажил болж байна. Монголын компаниуд ч Хонконгийн томоохон компаниудтай хөрөнгийн зах зээлд хамтран хөрөнгө босгож эхэллээ. Хонконгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах энэ боломж улам өргөжинө гэдэгт итгэж байна гэв. Цаашид аялал жуулчлалын харилцаа өсч, хамтын ажиллагааны сонирхлууд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд Хонконгийн амбан захирагчтай уулзах үеэр эдгээр салбараас гадна боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн тухай ч ярилцсан гэдгийг онцоллоо.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий “Wall street journal”,”Cnbc”,”Dqw jones”,”Washington post” зэрэг хэвлэлд ярилцлага өгөв
Сэтгэгдэл ( 0 )