Инфляц өмнөх сараас БУУРАВ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өссөн байна.

Үнийг ямар цаг хугацааны үеэр авч үзэж байгаагаас шалтгаалан сарын, оны эхнээс, жилийн өөрчлөлт гэж авч үздэг.

 

Үнийн өсөлт олон бараа үйлчилгээн дээр ажиглагдаж буй бол, тасралтгүй ужгирсан шинжтэй байгаа бол инфляц хэмээн тодорхойлогддог.

 

Харин нэг удаагийн үнийн өсөлт, эсвэл цөөн бараан дээр ажиглагдах харьцангуй үнийн өсөлт бол инфляц биш гэж эдийн засагчид тайлбарладаг.

 

Тэгвэл манай тухайд инфляцыг бүрдүүлдэг зүйлс нь хүнсний бараа шатахууны үнэ гэхчлэн тодорхой хэдэн ужиг шалтгаанууд бий.

 

Дөрөвдүгээр сард инфляц өмнөх сараас 0.6 хувиар буурахад:

 

  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь
  • тээврийн бүлгийн үнэ 4.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

 

Гэхдээ хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 0.4 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар өсжээ.

Махны үнэ энэ оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт  улирлын хандлагаас гадна коронавирустэй холбоотой сөрөг хүлээлтийн улмаас огцом нэмэгдэж инфляцад үзүүлэх нөлөө нь өндөр хэвээр байсан. Хоёр болон гуравдугаар саруудад махны үнийн инфляцад үзүүлэх нөлөө 2.1 нэгж хувь байв.

Коронавирусний тархалт нэмэгдэж гадаад, дотоод эдийн засгийн идэвхжил өмнөх төсөөллөөс муудсан, нийлүүлэлтийн шинжтэй инфляцын дарамт буурсан зэргээс шалтгаалан  Монголбанк инфляцын төсөөллийг өмнөх төсөөллөөс бууруулсан. Инфляцыг нэмэгдүүлэх зарим нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө энэ онд харьцангуй бага байх төлөвтэй байна гэж үзсэн. Тухайлбал, дотоодын махны нөөц энэ онд нэмэгдэж, махны экспортыг хязгаарласан тул хаврын саруудад нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалсан махны үнийн огцом өсөлт бий болохооргүй.  Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч, дотоодын шатахууны үнэ 2020 оны хоёрдугаар улиралд дахин буурах хүлээлттэй байгааг харгалзан үзэж буй юм.

 


 

Инфляц өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 13.1 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.7 хувь)
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь)
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top