Х.Тэмүүжин гишүүн ангийн нөхдийнхөө “хоол”-ыг хасна гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Х.Тэмүүжин гишүүн ойрдоо их л бухимдуу яваа юм шиг байна. Хуульч, доктор Нарангэрэл багш руугаа салаавч гарган хөгширсөн, хоцрогдсоноор нь дуудсаныхаа төлөө шүүхдэлцээд авсан. Гэвч тэр шүүх дээр ялагдал хүлээсэн юм. Улс төрчдийн дунд энэ бол байдаг л зүйл. Тэр яахав. Харин сонирхолтой нь түүний яриад байгаа хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын зарим гишүүд ер ойлгодоггүй бололтой. Тухайлбал, төр гэдэг ойлголт манайд нэлээд хоцрогдоод байгаа. Ихэнх нь төрийг маш хүчирхэг машин, болох болохгүй хүмүүсийг өмнөө зогсоож байгаад шууд л тээрэмдэж орхидог машин шиг төсөөлсөөр иржээ. Гэтэл хөгжилтэй улс орнууд аль хэдийнээ энэхүү төр гэдэг үгийг улс төрийн амьдралаас бараг хасаад хаячихсан юм байна. Төр гэдэг үгийн оронд одоо нийтийн алба гэсэн нэр томъёо хэрэглэгдэж байгаа гэнэ. Энэ нь бидний хэлж заншсан өнөөгийн төрд ажиллаж байгаа хүмүүс болон төрийн байгууллагууд нь иргэддээ жигд, шударга үйлчилгээ үзүүлэх ёстой тул ийнхүү нийтийн төлөөх ажил үйл гэдэг утгаар нь нийтийн алба гэдэг байна. Нийтийн албаныхан өндөр ёс зүйтэй байх учиртай. Тиймээс аливаа ашиг сонирхлын зөрчилд өртөх ёсгүй. Үүнийг нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар яв цав зохицууулж өгдөг байна.  Манайд ийм хууль байхгүй. Тэгвэл Х.Тэмүүжин гишүүн уг хуулийн төсөл дээр ажиллажээ. Төслийг УИХ-д өргөн барих ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд  ажиллаж байгаа аж. Гэвч ашиг сонирхлын зөрчлийг  энэ хуулиар таслан зогсоохыг хүсдэггүй  УИХ-ын гишүүн  олон  байна. Тэдгээр хүмүүс улс төрийн тавцанд авирч гарсных хувьдаа жаал зугаа юм хурааж аваад салах гэж боддог нь нууц биш. Өөрөөр хэлбэл, тэд одоо ийм бэлэн  хоолноосоо салахыг  хүсэхгүй тул уг хуулийг хэлэлцэхээс цааргалжээ. Х.Тэмүүжин гишүүн ч үүнийг нь нотолж байна. Тэрээр “Ашиг сонирхлын тухай хуулийг  УИХ-аар хэлэлцэхгүй их удаж байна. Үүнээс харахад гишүүд маань хоолноосоо мөддөө салахгүй юм шиг ээ. Гэхдээ ямар ч байсан энэ хууль батлагдах ёстой” гэлээ.   

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top