7 сарын 1-нд Онц байдал тогтооход бүх хуулийн үйлчлэл зогсчихсон, тэр бүү хэл цаг хугацаа ч зогссон бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Н.Энхбаяр хэд хоноод л хэвлэлээр урьдын явдлуудаа хуучилдаг боллоо. Хууч ярианд монголчууд угаасаа дуртай хойно доо. Чих тавин чагнаж, шүлэнгэтэн шимтсээр уншиж байна, түүнийг. Хууч ярианд нь хулгайч, худалч, үл мэдэгч, их мэдэгч, алуурчин цөм багтжээ. Үүгээрээ эрх баригчдын уриа, магтаал цалгисан ярианаас арай ялгаатай юм уу даа. Мөн худалч хүний нээрээ олон гэгчийг ч хааяа санагдуулна. Улаан цагаан худал хэлэхдээ энэ бол нээрээ шүү гээд байхыг яана. Саяхан мань хүн “МАНАН-гийн төөрөгдлөөс гарахуй” хэмээх “алдарт” өгүүллээ нийтэллээ. Өдөр тутмын хэд хэдэн хэвлэлээр дурайж өгөв. Оросын хувьсгалын их удирдагч В.И.Лениний Октябрийн хувьсгалын дараахан Троцкийтой муудалцаад бичиж байсантай төстэй ч юм шиг. Н.Энхбаяр МАНАН хэмээн томъёолсон өнөөгийн Засгийн газрыг хууль бус гэж дахин давтжээ. 2008 оны сонгуулийн дараахан уг нь С.Баяр Засгийн газрын танхимаа байгуулахдаа ёс жаягийн дагуу Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцсөн санагдах юм. Тэр үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Та нарын наадах Засгийн газар чинь үндсэн хуулийн эсрэг болчихоод байна” гэж хүний урамд нэг ч үг цухуйлгаагүй. Харин тэр үед Ц.Элбэгдорж УИХ-ын танхимаас “Би ийм улс төрийн хуйвалдааныг эсэргүүцэж байна” гэж чанга дуугаар хэлж байсан юм. Н.Энхбаяр тийм л сүрхий байсан юм бол Ц.Элбэгдоржийн үгийг дэмжиж “Үндэсний эв нэгдлээ” бодоод Засгийн газрын танхимын гишүүдийг дэмжихгүй байх нь яасан юм бол оо. Айн Рэнд “Эвслийн засгийн газар бол шинэ фашизм мөн” гэсэн гашуун атлаа үнэн буюу өнөөгийн Монголын улс төрийн амьдралын бодит дүр төрхийг 1960-аад онд анх хэлсэн байсан. Бодвол их уншдаг хүн болохоороо үүнийг олж уншсан л биз. Хамтарсан засгийн газар, эвслийн засгийн газар хоёрт зарчмын ялгаа байхгүй. Улс төрийн сонголтоор ялагдал хүлээсэн нам, ялсан нам хоёр нэг хөнжилд орохыг  Рэнд фашизмын шинэ хэлбэр гэсэн юм. Фашизм гэхээр өнөөх Адольф Гитлерийн засаглалын үеэс тогтсон дэглэмийг тэр чигт нь одоочлоод тусгах хэрэггүй биз. Фашист дэглэмийн зарим элементүүд нь тэрхүү хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд нэвт шингээстэй байдгийг л хэлсэн байна лээ. Саяхан засгийн газар бонд гаргасан. Тэрхүү 300 тэрбумын бонд нь Монгол улсын төсвийн тухай хуулийг илэрхий зөрчсөн байлаа. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газар нь популизм хийхдээ хууль огт хамаагүй болж хувирсан. Энэ мэтээр фашист үнэр ханхалж байна. Тэгвэл Н.Энхбаяр үүнийг Ц.Элбэгдорж шиг тэр үед зоригтой хэлж чадаагүй учраас өнөөдөр гудамжнаас дуугарч буй нь их инээдтэй, бас эмгэнэлтэй харагдаад байгаа юм.

            Тэр бас 7 сарын 1-ний хар өдрийн талаар ярилаа. Харин энд сонирхолтой нэгэн хулгайчийг нэрлэсэн байна. Тэр нь тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд байсан Мөнх-Оргил. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн зарлигаа гарган нийслэл хотод Онц байдал тогтоомогц ямар ч хууль үйлчлэхээ болчихсон гэж Мөнх-Оргил нь хэлсэн юм байх. Уул шугамандаа бол Мөнх-Оргил гэдэг этгээд нь мэргэжлийн хуульч хүн. Холын Америкт суралцсан лут эр. Тийм хүний амнаас ийм солиотой үг унахыг монголчууд анх удаа л сонсож айх гайхах зэрэгцэж орхив. Н.Энхбаяр үнэн л хэлсэн байгаа даа гэж зарим нь эргэлзэж байна. Нөгөө хэсэг нь муу Мөнх-Оргил ёстой жинхэнэ мангуу амьтан гээд зүхэж сууна. Онц байдал тогтоосон үед төр засаг хэрхэн ажиллахыг тэнэг хүн ч ойлгохоор хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Уг хуулиар бол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах ёстой. Юун буудах. Гэвч Засгийн газар энэ үүргээ биелүүлж чадаагүй. Харин чадаагүйдээ бантаад С.Баяр, Мөнх-Оргил нар иймэрхүү дэмий юм ярьж амьтны толгой эргүүлэх гээд байж магадгүй шүү. Хэрвээ Н.Энхбаярын гэрчилж байгаа нь үнэн бол Мөнх-Оргил даанч дэндүү хариуцлагагүй ажилласан болж таарна. Онц байдал тогтооход бүх хуулийн үйлчлэл зогсчихдог юм бол яаж ниймгийн харилцааг зохицуулах вэ. Хүй нэгдлийн ниймгийн юм уу, эсвэл Африкийн сармагчингуудын явдлаар замнах уу. Цаг хугацаа ч бас зогсчихсон байсан юм уу.

            Талийгаач С.Зоригийн хэргийг илрүүлэхийн төлөө Н.Энхбаяр урьдын адил санаа тавьсаар л яваа юм байна. Тэр төрийн гурван өндөрлөгт ээлж дараалан суухдаа үүнийг л бодохоос өөрийг хийгээгүй юм шиг байна. Гэтэл “С.Зоригийн хэргийг хаах нь зүйтэй” гэсэн бас нэг хачин жигтэйхэн солиотон түүнтэй учирсан гэнэ. Тэр нь одоо Ерөнхий прокурор болоод байгаа Д.Дорлигжав ажээ. Түүний амнаас ийм аймаар үг гарч байсныг Н.Энхбаяр хоёр чихээрэрээ сонссоноо хуучилж байгаа хойно яалаа гэж худал байхав. Тиймээс С.Зоригийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн анхааралдаа авах байх аа.  

            Өнөөх Авлигатай  тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг улс төрийн зорилгоор барьж аваачаад шоронд хийчихсэнийг Н.Энхбаяр илчилсэн байна. Түүнийг  үнэхээр улс төрийн зорилгоор шоронд хорьжээ. Үүнийг нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх олж мэдээд хэлж байсан юм гэнэ. Н.Энхбаяр Авлигтай тэмцэх газарт өөрийн хамаатны хүн Э.Амарбатыг томилуулж, дотор нь баахан бужигнуулснаа харин тас нууж байна. Одоо тэр Э.Амарбат хэлтсийн даргаас хариуцлагагүйн улмаас мултарсан атлаа дахиад суудалдаа заларна гээд явж байна. Ч.Сангарагчаатай цуг улс төрийн зорилгоор хориогүй нь яамай. Гэхдээ Ч.Сангарагчаагийн  хувьд улс төрийн зорилгоор хоригдсон ялтан биш болов уу. Ардын намынхан л улс төржүүлэн хаацайлж байсан байх. Тэр хамгаалагч нарынх нь нэг харин Ц.Нямдорж байсан биз. Үүн дээр нь Н.Энхбаяр улс төрийн наадам зугаа хийж байгаа хэрэг болов уу.     

            Хэлмэгдүүлэлт бол Монголын хамгийн эмгэнэлт түүхэн хуудас мөнөөс мөн. Н.Энхбаяр харин үүнийг мартаагүй яваа ажээ. Гэхдээ тэр анх Ерөнхий сайд болмогцоо төр засгийн бүх шатанд “их цэвэрлэгээ” нэртэй хэлмэгдүүлэлт хийснээ мартсан бололтой. Түүний хаанчлалын он жилүүдэд 15 мянга орчим төрийн албан хаагч гудамжинд гарч байлаа. Ардчилсан намын үнэр ханхлуулсан хүн бүрийг шахуу ажлаас нь шахан зайлуулж байсан юм. Сүүлдээ цэцэрлэгийн жирийн нэг багш хүртэл түүний энэхүү “коммунист субботник”-ийн золиос болсон. Ялгаварлан гадуурхалт энэ цаг үеэс эхлэн шинэ агуулга хэлбэрээр улам баяжин хөгжсөөр өнөөдрийг хүрлээ. Одоо ямар ч компани дээр яваад очиход аль нэг намын гишүүн эсэхийг сайтар лавлана. Тэгээд Ардын намынх биш бол ажилд авахгүй. Эсвэл ардчилсан намын гишүүн бол ажилд авахгүй. Захын нэг багийн дарга иргэдээ намын харъяаллаар ялгаварладаг. Ийм үзэл суртлыг Н.Энхбаяр тэр л үеэс нийгэм даяар түгээн дэлгэрүүлсэн юм даа. Хүн гэмээ мэддэггүй, тэмээ ч бас ямархуу гэдгэр билээ гэдгээ мэддэггүй гэнэ лээ. Үнэн байх, гэхдээ Н.Энхбаярынхаар худлаа ч болчихож мэднэ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top