Монголчууд эртнээс мөнх хөх тэнгэрээ шүтэж тэнгэр хүмүүн хоёрыг холбож өгдөг бөө нарыг биширсээр ирсэн. Дархадын алдарт, буриадын мундаг бөө нарын гайхамшигт чадварын тухай амнаас ам дамжин яригддаг. Даанч сүүлийн үед бараг өрхийн нэг бөө төрж эртнээс дээдлэн хүндэлж ирсэн энэ их ёс заншлын үнэ цэнийг унагаж тэднийг одоо цагийн “бөөний бөө нар” гэж нэрлэх болсон. Олон хүн сайнтай муутай гэдэг шиг тэдэн дунд хүмүүсийн тусын тулд онгод тэнгэрээ буулгаж буяны мөрийг хөөдөг жинхэнэ бөө нар олон байдаг ч ашиг хонжоо хайн хүн ардын халаасыг тэмтэрхийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шуналт бөө нар цөөнгүй. Энэ сарын 20-22 нд Сэлэнгэ аймгийн “Ээж мод” хэмээх газарт өнөө цагт олноор төрөх болсон бөө нарыг жинхэнэ хуурамчаар нь ялгах бөөгийн шүүлтийг хийх гэнэ. Өмнө нь бөөгийн тахилгыг олон удаа үйлдэж байсан ч анх удаа тэнгэрийн эрхсийн эрхшээл дор уг шүүлтийг явуулж үнэн мөнийг салгах ёслол үйлдэх юм байна. Сайн үйл хийдэг бөө нарын онгод үлдэж, харин муу үйл хийж байсан бөө нарын онгод үгүй болох гэнэ. Тодруулбал тэдэнд цаашид онгод бууж ирэхгүй гэсэн үг. Дээд тэнгэртэй онгодоор холбогдож чаддаг бөө эгэл хүний мэддэггүйг мэдэж, мэдэрдэггүйг мэдэрч, бурхан болооч нарын оюун санаа дараагийн төрөлд хүртэл хүрч чаддаг гэдэг. Чухамхүү ингэж хоёр ертөнцийг холбон мууг зайлуулж сайныг дуудаж чаддаг мөнх хөх тэнгэрээс заяагдсан бөө нараа тэнгэрээс зарлигдсан цаг үеийн шүүлтээр шигших нь чухамхүү цагаа олсон хэрэг бөлгөө. Бөө нарыг сайн муугаар нь ялгах цагийн шалгуур хийх болсонд ард түмэн баяртай байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )