Дэлхий дахинаа тархсан цар тахлаас дайжин эх орондоо тэмцэн ирсэн иргэд тусгаарлалтын байранд эмчийн хяналтад 21 хоног тусгаарлагдах ёстой. Гэвч тусгаарлагдаж буй газруудын эргэн тойронд амьдрал өрнөж буй. Үр хүүхдээ гадаа тоглуулах, салхилах, амрах орчинд нь аюулт бүсээс ирсэн иргэд тусгаарлагдаж буйд ард иргэд тийм ч таатай хандахгүй байлаа.
Тодруулбал, Баянгол дүүргийн Модны хоёрын голын зам дагуу, Эрүүл мэндийн долоодугаар төвийн хойно “Мичид” зочид буудал байрладаг. Турк улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд тус зочид буудалд тусгаарлагдаад долоо хонож байна. Эхний хэд хоног “Мичид” зочид буудалтай залгаа оршдог 71 дүгээр байрны оршин суугчид тусгаарлагдаж буй иргэдийн талаар багагүй гомдол мэдүүлсэн. Буудлын цонхоор шагайж тамхи татах, шүлсээ хаях, гаднаас юм нууцаар оруулж байна гэсэн “хов”-ыг иргэд тус зочид буудлын зохион байгуулагч болон онцгой байдлын албаны ажилтан, цагдаа нарт мэдэгджээ.
Энэ мэт гомдол, санал бусад зочид буудлуудын эргэн тойронд амьдарч буй оршин суугчдаас ч олонтаа сонсогдох болсон. Тэгвэл тусгаарлалтын зориулалтаар ашиглаж буй зарим зочид буудлын гаднах орчин, эргэн тойронд байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
ОРШИН СУУГЧИД ХҮҮХДЭЭ ГАДАА ТОГЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭВ
Бидний сурвалжилга Баянгол дүүргийн “Мичид” зочид буудлаас эхлэв. Энэ сарын 14-ний өдөр Турк улсаас ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй, эрүүл мэндийн шалтгаантай 179 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Амар, Мичид зэрэг зочид буудалд тусгаарласан. “Мичид” зочид буудлын гадаах орц, гарцыг “police” гэсэн бичигтэй төмөр хайсаар хамгаалж тууз татжээ. Буудлын дэг журам, сахилга батыг хянан цагдаа болон онцгой байдлын ажилтан нар 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байгаа бол эмч нар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай бол эмчлэх үүргийг мөн л 24 цагаар хүлээж буй. Монгол Улсын хэмжээнд тусгаарлагдаж буй нийт 1962 иргэн эмнэлэг, сувилал, зочид буудлуудад байрлаж байгаа бөгөөд халдвартай 114 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Тус буудлын ард талд залгаа оршдог 71 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд нь буудлын цонхон дор байрлах аж. Нэг ч хүүхэд харагдсангүй. Тэр ч бүү хэл нарлаж суух хөгшид ч алга. Буудлын цонх төмөр сараалжтай байх ба салхивчууд нээлттэй харагдана. Ганц нэг хүн цонхон тушаа ирж утсаар ярина. Гэр рүүгээ орж, гарч буй оршин суугчдыг амдан сэтгэгдлийг нь сонслоо. Дунд насны нэгэн эмэгтэй “Эхний хэд хоног тусгаарлагдсан иргэд цонхоор шүлсээ хаях, тамхи татах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж, байрныхан шаардлага тавихад өөдөөс үг сөргөх зэргээр зөрчил үүссэн. Улмаар байрны даргатайгаа нийлж холбогдох хүмүүст нь алтан хошуу өргөснөөр байдал гайгүй болсон” гэсэн бол өндөр настан эмээ “Хөл хөдөлгөөн ихтэй, амьдрал өрнөж байдаг орон сууц, хүүхдийн эмнэлгийн дэргэд аюултай бүсээс ирсэн иргэдийг тусгаарламааргүй байна. Тусгай зориулалтын эмнэлэгт байлгавал ард иргэд сэтгэл амар байх сан. Бид ач, зээ нараа ч тоглуулж чадахгүй, өөрсдөө ч нарлан сууж чадахгүй байна” гэлээ.
ЗАРИМ ИРГЭД ЗУСЛАН РУУГАА “ДАЙЖЖЭЭ”
Тэгвэл Баянзүрх дүүргийн Офицеруудын ордонд байрлах “Word Mongolia” зочид буудлын гадаа хүн хөл ихтэй байлаа. Учир нь тусгаарлагдаж буй иргэдийн ар гэрээс долоо хоногийн пүрэв гараг бүрд эргэлт оруулахыг зөвшөөрчээ. Тус зочид буудалд энэ сарын 19-ний өдөр Энэтхэгээс ирсэн 158 иргэдийг тусгаарласан билээ. Нэгэн эмэгтэй зээ хүү дээрээ ирсэн гэв. Ганц л хүн орж болно гэсэн учир ээж нь орохоор явжээ. Эргэлтээр ирсэн хүмүүс таван литрийн цэвэр ус, боов боорцог, бэлэн гоймон, ариун цэврийн хэрэглэл, нойлын цаас гэх мэт зүйлсийг торложээ. Цэвэр усны бөөрөн дээр өрөөний тоотуудыг бичсэн цаасыг скочоор наасан харагдав. Тусгаарлагдсан буудлаас гарч ирж буй хүнээс тодруулахад эргэлтийнхээ юмыг өгчихөөд гараад ирлээ, хүмүүстэй нь уулзуулаагүй гэж байв. Тэднээс хоол унд хэр байгаа гэж байна хэмээн асуухад гайгүй гэсэн гэж хариулав. Тусгаарлалтад ирсэн иргэдийг өдрийн 50 мянган төгрөгөөр 21 хоног тусгаарлаж байгаа юм. Энэхүү зардлаа өгсөн хүмүүсийг нь нааш нь авчирсан талаар нэгэн ламхайн ээж хэлж байлаа. Хүүгийнх нь найз уг төлбөр болох нэг сая 50 мянган төгрөгөө төлж чадаагүйн улмаас энэ удаагийн нислэгээс хоцорч үлдсэн аж.
Тус зочид буудлын ойр орших “Х apartment” орон сууцны оршин суугч хижээл насны эрэгтэй “Тусгаарлагдсан буудлын цонх ойрын үед сэрүүхэн байгаа болохоор ихэнх нь хаалттай байна. Дулаарахаар хүн л юм чинь халууцна. Цонхоо нээнэ. Энэ вирус агаар, дуслын замаар халддаг болохоор хүүхдүүдээ гадаа гаргахаасаа айж л байна. Манай хөрш дайжаад зуслан руугаа нүүчихсэн. Манайх зуслангийн газаргүй болохоор зусланд амьдрах түрээсийн байшин хайна даа гэсэн бол хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй аавындаа түр амьдардаг юм уу гэж бодож байна” гэлээ. Ард иргэдээ боддог бол гадаадаас ирсэн иргэдийг хотын гадна тусгаарлах ёстой. Энэ зочид буудлууд нь орлогоо бодоод авдаг байх л даа, дээгүүрээ шийддэг юм байлгүй гэж иргэд халаглаж байлаа. Тус буудлын салхивч нь хүн шагайгаад байхааргүй доороо нугастай, дээшээ нээгддэг харагдаж байсан бөгөөд гадаа хажууханд нь байх тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байлаа.
ТУСГААРЛАГДАЖ БУЙ ИРГЭДЭЭС ГОМДОЛ, САНАЛ ИРЭЭГҮЙ
Кино үйлдвэрийн урд байрлах “Амар” зочид буудлын гадаах хэсэг ажин түжин байв. Тус буудал гурван удаагийн чартер нислэгээр иргэдийг хүлээн авсан туршлагатай газар. Тусгаарлагдаж буй иргэдийн зүгээс хоол унд, төлбөр мөнгөний талаар багагүй хэл ам дагуулаад байсан тус буудал иргэддээ өгдөг хоол унд болон дотоод орчныхоо зургийг албан ёсныхоо цахим хаягт байршуулдаг болсон. Мөн “Манай хамт олон өдөрт шим тэжээлтэй, чанартай хоол хүнсээр таван удаагийн давтамжтай үйлчилж буй. Иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй” гэж тус буудлын захиргаанаас мэдэгдэв. Одоогийн байдлаар Туркээс ирсэн иргэд тус буудалд тусгаарлагдаж байгаа. “Амар” зочид буудлын хойд талд нь байдаг автобусны буудал хүн ихтэй харагдлаа. Буудал дээр автобус хүлээн зогсож буй иргэдээс сэтгэгдлийг нь сонсоход зарим нь ажиг сэжиг авсан ч шинжгүй мэдээгүй, зарим нь мэдлээ ч гээд яах билээ гэсэн өнгө аястай байв. Тус буудлын зүүн талд байрлах орон сууцны гадаа хүнгүй эл хуль байлаа. Тусгаарлагдаж буй иргэдээс авсан шинжилгээгээр халдвар илрээгүй гэдгийг хамгийн сүүлд өгсөн мэдээгээр албаны хүмүүс мэдээлсэн. Гэвч давтан шинжилгээгээр халдвар илэрч байгаа тохиолдол гарч байгаа. Тийм учраас хэн хэнээсээ цэрвэж болгоомжлох нь зөв боловч хэтийдэн хардаж, хэтрүүлэн түгших нь өөрийгөө ч, өрөөлийг ч бухимдуулахаас хэтрэхгүй гэдгийг ард иргэддээ анхааруулъя.
Сэтгэгдэл ( 17 )
Зун цаг болж байна. Хотын бараг тал нь зусландаа гардаг шүү дээ. Дүрэвлээ гэх мэт худлаа ярихаа боль!!!\n
Хоёр хүний дунд 2 метр бхад л боллоо. Агаар дуслаар хавьтахгүй шүү дээ. Сэжигээр өвдөж, сүжгээр эдгэрдэг монгол ухаанаа санаж тайван сайхан амьдарцгая!
Манай монгол шиг хотынхоо яг төв дотор халдварт өвчтэй хүмүүсээ авчраад эргэн тойрон буудалд орлого бодоод арын хаалгаар байрлуулчихдаг улс, эргүү тэнэг дарга нар манайхаас өөр байдаг бол уу? Үнэн дибил ээ...
Hotiin humuus iim muuhai. Bugdeeree virustei bish sh dee. Nuguuduul ni ch nuguuduul. Shuls mulsee uhsenee hiij zaaval tsonhooroo hayaad bdgiin.
Хотын төвд хүн ам төвлөрсөн газар тусгаарладаг л буруу байна‼️‼️
Хотоос гадгаш нь гаргаж тусгаарлаачээ.гаднаас авчраад ирлээ. Хотоос хол гэр бариад гаргаач хот дотроо орон сууунуудын дунд арай л бна даа.ингэх юм бол маск зүүж гараа угаагаад ч нэмэр гарах болов уу агаар дуслын замаар халддаг гээ биз дээ
Yasan surtei humuus ve? Yamar gert ni orood suutsan bish Bugdeeree korona tussan humuus ochij bgaa um shig surjigneh yamar shaardlaga bainaa...
Өөрсдөө мөнхийн ус уучихсан юм байх даа тэртэй тэргүй шинжилгээгээ хийгээд тусгаарлаж байгаа биз дээ хувиа бодсон алиа зангаа больж үз бүгд вирус тээгээд ирчихсэн юм шиг ойлголтоосоо салах хэрэгтэй
Юун сүртэй юм бэ арай ч дээ өөрсдөө маска зүүгээд гараа угаагаад зөв боловсон явбал болоо юм бишүү энэ ард түмнээ талцуулж худал хуурмаг ташаа мэдээ өгч турхирхаа больж үз бүгд л эх орондоо ирэх гэж үйлээ үзэж ирсэн амьтад тэд бүгд вирус биш шүү дээ тархиныхаа хэмжээгээр сэтгэх юмаа ёоо
айгаад байлгүй тайван байцгаа манайхан үхэхгүй бид тэнгэр заяатай улс
Ер нь бол хотын гадна тусгаарлах нь зөв байх.Одоо дахиад онгоцоор авч ирнэ.
Ene hotiinhon bvvr amia bodson hugiin setgeltei hvmvvs shvv.ayga tsai duhvvldeggvi maa gehed amaa hamhiad baij chadahgvi...
Hoyoos gadagsh humuusee tusgaarlah heregtei
Uhel hanhluulj guij guij ircheed eh ornoo bodhod yadag erguunuud ve gadaad orondoo baihdaa shuls bitgii hel maskaach tailah erhgui baisan bizde ichhed yanaa
hotod shambaaraldaj bhaar zuslan ruu garzgaagaach
Хэт сүржин юмаа 2м-ээс хол бол гайгүй л байлгүй дээ
ХОТЫН ГАДУУР ДҮҮРЭН АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗРУУД БАЙНА, ТЭДНИЙГ АШИГЛААЧ ЭЭ . ТАГТАН ДЭЭРЭЭС ШҮЛС ХОГ ХАЯЖ БАЙГААД НЭГ Л ӨДӨР ВИРҮСЭЭ АЛДАХ ВИЙДЭЭ