Европын холбооны жагсаалтад орох эсэх нь 1-2 сарын дараа тодорхой болно

2020 оны 05 сарын 22

Европын комиссоос Монгол Улсыг  “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад оруулсан шийдвэрийг Европын парламент болон Зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулах процесс ойролцоогоор 1-2 сарын хугацааг хамрах аж.

Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орны  жагсаалт эдийн засагт ямар эрсдэл дагуулах вэ гэдэг асуудал анхаарал татаж буй. Тэгвэл Санхүүгийн мэдээллийн албаны даргын өгч буй мэдээллээр “Европын Комиссоос гаргасан мэдэгдэлд жагсаалтад орсон улсад хөгжлийн тусламж үзүүлэх, худалдаа бизнесийн харилцаа үүсгэхэд ямар ч төрлийн хориг арга хэмжээ авахгүй талаар мэдээлсэн. Үүнийг манай улсад суугаа суурин төлөөлөгч, Европын холбооны элчин сайд ч уулзалтын үеэр тэмдэглэж хэлсэн. Гэхдээ банк, санхүүгийн байгууллагууд нь жагсаалтад орсон улс орнуудын банкнаас хийх гадаад гүйлгээнд нэмэлт хяналт тавьж, харилцагчийг таньж мэдэх үйл явцад нэмэлт мэдээлэл шаардах тохиолдлууд гарна. Европын Комиссын жагсаалтад орох болсон цорын ганц шалтгаан нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан явдал юм. Өөрөөр хэлбэл ЕХ-ны аргачлал, журмын дагуу ФАТФ-ын саарал жагсаалтад байгаа бүхий л улс орнуудыг автоматаар өөрсдийн жагсаалтдаа оруулдаг байгаа. Европын Комиссоос жагсаалт гаргасан хэдий ч Европын Парламент болон Зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж баталгаажуулах процесстой. Энэ үйл явц нь ойролцоогоор 1-2 сарын хугацааг хамарна гэж харж байна. Хэрэв батлагдвал аравдугаар сараас эхлэн хэрэгжинэ гэдгийг Европын холбооноос мэдээлсэн. Тиймээс бидний хувьд хамгийн чухал анхдагч алхам бол ФАТФ-ын жагсаалтаас гарах юм. Монгол Улсын нэгэн адилаар ФАТФ-ын Саарал жагсаалтад багтсан Исланд болон Албани Улс нь Европын Холбооны гишүүн орон биш боловч эдийн засаг, худалдааны чухал түнш, Европын Холбооны эдийн засгийн бүст хамаарах улс орнууд учраас Европын Комисс өөрсдийн жагсаалтад оруулаагүй шийдвэр гаргасан байсан” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top