Л.Хангай: Д.Цогтбаатар сайдын санаачилгаар “Газпром” компанитай хоёр тал гарын үсэг зурсан

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Л.ХАНГАЙ: МОНГОЛЫН НУТГААР ХИЙН ХООЛОЙ ТАВИГДВАЛ УЛААНБААТАРЫН УТААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

-Монголоор дамжуулан хийн хоолой барих нь ашигтай бөгөөд аюулгүй гэдгийг бид ойлгуулж чадсан юм. Тэгэхээр Монголоор дайрах хийн хоолой барих нөхцөл бүрдэж байна гэсэн үг-

Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд асан Л.Хангайтай олон жил яригдсан Монголын нутгаар дайруулан барих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой төслийн явц, үр өгөөжийн талаар ярилцлаа.

-ОХУ-аас БНХАУ руу жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах хоолой барих төслийн ажил эхлэх цаг ойртож байна. Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг хэдэн жил ярьсан бэ?

-ОХУ-аас Монголоор дайруулан БНХАУ руу хийн хоолой тавих асуудлыг миний мэдэхийн 1990-ээд оны дунд үеэс л ярьж эхэлсэн. Төр, засгийн өндөр түвшинд үүнийг хэлэлцэж, үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын үүрэг оролцоо онцгой байж ирсэн. Тэр тусмаа Гадаад харилцааны сайдын хичээл зүтгэл чухал байсныг цохон тэмдэглэе. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлах үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санал, санаачилгаар ОХУ-ын “Газпром” компанитай хамтран ажиллах тухай санамж бичгийг тохирч, хоёр тал гарын үсэг зурсан билээ.  Өнөөдөр Оросын тал энэ төслийг  бодит ажил болгоод эхэлчихлээ. Яагаад ингэж хэлж байна гэхээр Монголын нутгаар дайруулан хийн хоолой тавих төслийн ТЭЗҮ боловсруулах, хайгуул-шинжилгээний ажлыг эхлүүлээд байгаа гэдгээ саяхан “Газпром” компанийн тэргүүн А.Миллер хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн. Хятадын талаас ч манай нутгаар дамжуулан ОХУ-аас хий авах асуудлыг судална гэдгээ илэрхийлээд байна. Бидний 20 гаруй жил ярьсан төсөл урагшаа ийнхүү хөдөлж эхэллээ.

-Өнгөрсөн хугацаанд ямар асуудлаас болж хийн хоолой Монголоор дайруулах төсөл гацсан юм бэ?

-Ийм том төслийг олон жил судалж, тал бүрээс нь тооцож байж эхлүүлдэг л дээ. Жишээ нь, “Сибирийн хүч-1”-ийг бараг 10-аад жил ярьж байгаад ердөө 4-5 жилийн хугацаанд барьсан. Хэдий хэмжээний хэрэглээ байна, хаанаас хий олборлох, хаагуур хаашаа хийн хоолой тавих, яаж хэрхэн санхүүжүүлэх, ямар үнэ, нөхцөлөөр худалдаалах  гээд зөндөө олон асуудлыг шийдэж тохиролцох шаардлагатай байдаг. Оросууд эхний ээлжинд зүүн тийшээ буюу Алс Дорнод руу хоолой татаж, Хятадын зүүн хойд хэсэг болон Япон, Солонгос зэрэг орны зах зээл дээр гарах нь илүү ашигтай гэж үзээд “Сибирийн хүч-1”-ийг барьсан юм. Одоо үүнийг барьж дууссан тул байгаа ажиллах хүч, өндөр өртөгтэй олон мянган техникээ ашиглан дараачийн төсөлдөө орох шаардлагатай болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголоор дайруулан хийн хэрэглээ нь огцом өсөж байгаа Хятадын төвийн бүс нутаг руу хоолой татах гэж байна. Энэ асуудлаар Хятадын талтайгаа ч тохироо хийж байна. Нөгөө талаар Монголоор дамжуулан хоолой барих нь ашигтай бөгөөд аюулгүй гэдгийг бид ойлгуулж чадсан юм. Тэгэхээр Монголоор дайрах хийн хоолой барих нөхцөл бүрдэж байна гэсэн үг.

-Хийн хоолойг Монгол Улсаар дайруулахад манайд ямар ашигтай вэ?

-Монголын ирээдүй хоёр хөршийн хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэмээр байна. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд ачаа бараа тээвэрлэх нь манайд үлэмж ашигтай. Хийн хоолой бол УБТЗ-тай адил Орос, Хятадыг холбосон томоохон мега төсөл юм. Хий хоолойг барихад,  дараагаар нь ашиглахад олон мянган хүн энд ажиллана.

Хийн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болно гэсэн тооцоо ч байдаг. Цаашилбал, нутаг дээгүүрээ хий дамжуулснаар төлбөр авна. “Сибирийн хүч-1” төсөлтэй адил жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэж тооцвол нэг тэрбум ам.долларын төлбөр авах юм билээ. Гэтэл Оросын тал манайхаар 50 тэрбум шоо метр хий  дамжуулна гэж байгаа.

-Энэ төслийг хэрэгжүүлэх чиглэлээр манай тал ямар ажил хийгээд байна вэ, цаашид яах ёстой вэ?

-Төр, засгийн зүгээс энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. ҮАБЗ болон Засгийн газрын дэргэд Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан хоёр ч  ажлын хэсэг байгуулагдлаа. Оросын талтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дараагаар нь Хятадын талтай, мөн Орос, Хятадтай хамтарсан гурван талын санамж бичиг зурж таарна. Хийн хоолойн төслийг хариуцах аж ахуйн нэгж нь “Эрдэнэс Монгол” компанийг гэж саяхан Засгийн газар шийдвэрлэсэн сурагтай байна. Энэ бол маш чухал. Хийн хоолойг барих асуудлыг төр, засгийн дээд хэмжээнд ярьж шийддэг хэдий ч энэ бол эцсийн дүндээ бизнес төсөл. Иймд Оросын “Газпром”, Хятадын “CNPC” гэдэг дэлхийн хэмжээний аварга компаниудтай хэлэлцэж тохирох ажлыг төрийн томоохон компани л хийх учиртай. Төр, засгийн түвшинд хийх ажил ч их байна. Хийн хоолой барих, ашиглах ямар ч хууль манайд байхгүй учраас эрх зүйн зохих орчныг бүрдүүлэх ёстой. Төрөл бүрийн норм, норматив, стандарт боловсруулж батлах гээд их ажил хийх хэрэгтэй байна.

-Манайх өөрийн нутгаар дайран өнгөрөх хоолойноос хий авч хэрэглэх бололцоотой юу. Хэрэв бололцоотой бол ямар салбарт ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

-Хийн хоолойн дагуу томоохон хэрэглэгчид олон байвал түүний үр ашиг, өгөөж нэмэгддэг юм билээ. Энэ хоолой Улаанбаатар, Эрдэнэтийн ойролцоо өнгөрөх байх. Ялангуяа, 1.5 сая хүн амтай Улаанбаатар том хэрэглэгч гэдэг нь ойлгомжтой. Монголын нутгаар хий хоолой тавигдвал Улаанбаатарын утааны асуудлыг бүрэн шийдэх нөхцөл бүрдэнэ.  Дэлхийн бүх томоохон хотууд утааныхаа асуудлыг хийгээр шийдсэн байдаг. Лондон хотын жишээг манайх их ярьж, бичдэг дээ. Лондон гэлтгүй Москваг жишээ болгож болно. Москвад хотын төвд нь хүртэл дулааны станцууд олон байх бөгөөд тэд бүгд хийгээр ажилладаг. Цаашилбал, хямд үнэтэй хийгээр ажилладаг автобус болон автомашины тоо нэмэгдэж, үйл ажиллагаандаа хий ашигладаг аж ахуйн нэгж бий болох зэрэг эерэг нөлөөтэй гэж бодож байна.

-Хийн хоолойг манай нутгийн  хаагуур, ямар маршрутаар барих бол?

-Одоогоор судалгаа хийж байна. Би дээр хэлсэн дээ, оросууд хайгуул-шинжилгээний ажлаа эхэллээ гэж. Миний ойлгож байгаагаар  Орос, Хятадыг холбосон “Улаанбаатар” төмөр замд ойрхон баригдах болов уу. Төмөр зам, түүнтэй зэрэгцэн явдаг автомашины зам ашиглах юм бол барилгын ажлын өртөг нь илүү хямд байх болно. Энэ нь хийн хоолойн цаашдын ашиглалт, үйлчилгээнд ч хэрэгтэй.  Хамгийн гол нь Хятадын хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт маршрут гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.10) 2020 оны 05 сарын 24

Чөтгөр гэж

0  |  0
Gggggg(83.20.250.164) 2020 оны 05 сарын 22

Hudlaa hiatad hii avahgui evrop turk avahaa zogsoson demii zileer oroldohoo bolidoo ta nar

0  |  0
зочин(66.181.176.204) 2020 оны 05 сарын 22

Баруун аймгийн нутгаар их нууруудын хотгороор тавина гэж сонссон юм байна

0  |  0
Баяр(66.181.190.33) 2020 оны 05 сарын 22

Эгийн голын Усан цахилгаан станцын барьсан бол гаднаас хараат бус болох байлаа. Энэ хүн зальтай, соц нийгмийн хүн,худлаа л болов уу. Сонгуулийн сурталчилгаа.

0  |  1
Top