УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Батбаяр, С.Бямбацогт нарын 16 гишүүн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүллээ.
Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь малчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ахмадуудыг дэмжихэд чиглэжээ.Тодруулбал, Хүний хөгжил сангаас сар бүр олгодог мөнгийг нь бөөнөөр өгч зээлийн хүүгээ төлөх боломж олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Өдгөө манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нийт 170142 малчин өрхөд 639652 хүн амьдарч буй. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн байгалийн гамшиг ган, зудын улмаас малчдын амьдрал доройтож, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тохиолдол их. Үүний цаана арилжааны банкуудын үйл ажиллагаа ч доголдох эрсдэл бий. Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөө зээлээр авдаг, дараа нь бэлэн мөнгөний хомсдолд ордог. Энэ оны тавдугаар сарын байдлаар 214100 ахмад настан тэтгэвэр авч буйн 77.6 хувь буюу 166200 хүн тэтгэврийн зээлтэй байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч ялгаагүй зээлийн дарамтад орж, бизнесээ өргөжүүлэх боломжгүй, банкны зээлийн төлбөрт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ хураалгадаг. Иймээс ашигт малтмалын орд газрын баялгаас иргэддээ хуваарилж байгаа орлогыг шаардлагатай зүйлдээ зарцуулах бололцоог бүрдүүлэхээр нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг санаачилжээ. Хамгийн чухал нь энэ дэмжлэг инфляцийг хөөрөгдөхгүй, арилжааны банкуудын үйл ажиллагааг хэвийн найдвартай байлгах, малчид, ахмадууд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шууд өгөөж болох юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )