Дэлхийн банк: Төсвийн нээлттэй байдлын индексээ ингэж дорвитой ахиулсан туршлага ховор

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27


Хоёр жил тутамд гаргадаг “Нээлттэй төсвийн судалгаа 2019"   тайланд Монгол Улсыг сайшаасан байна.

Уг судалгаа нь улс орнуудын  засгийн газрын төсвийн хариуцлагын түвшинг Ил тод байдал, Төсвийн үйл явц дах иргэдийн оролцоо, Төсвийн хяналт гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлдэг юм

 Тэгвэл тус судалгааны дата мэдээлэлд үндэслэн гардаг Төсвийн нээлттэй байдлын индексээр Монгол Улс нийт авах ёстой 100 онооноос 2017 онд 46-г авсан бол 2019 онд тус оноо 56 оноо болж өссөн нь хоёр жилийн хугацаанд 20 гаруй хувиар ахисан үзүүлэлт болжээ.

 Судалгаанд хамрагдсан орнууд дунд Төсвийн нээлттэй байдлын индексээ үнэлгээний нэг үе дотор ийнхүү дорвитой ахиулсан туршлага ховор байдаг гэж Дэлхийн банк мэдээлэлдээ онцолжээ.

Монгол Улс уг судалгаагаар ийнхүү оноогоо ахиулахад  нөлөөлсөн гол хүчин зүйл бол Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсвийн мэдээллийг цаг тухайд нь цахимаар нийтэлдэг болсон явдал юм.

Батлагдсан төсөв болон “Иргэдийн төсөв” товхимлыг бэлтгэн гаргаж, цахимаар нийтэлдэг болсон нь ч Төсвийн нээлттэй байдлын индексийг ахиулахад чухал хувь нэмэр оруулжээ. УИХ-д төсвийн төслийг өргөн барих үед ийнхүү ирэх оны төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар 2018 оноос хойш бэлтгэн гаргаж байна.

Дэлхийн банкны Монгол Улсыг  хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев  "Төсвийн талаарх мэдээлэл олон нийтэд хүртээмжтэй байх нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээ бүр, ялангуяа цар тахалын энэ хүнд үед, иргэдэд үр өгөөжтэй байгаа эсэхэд хяналт тавих болон Засгийн газрын гүйцэтгэлд үнэлгээ өгөхөд чухал ач холбогдолтой.

 Дэлхийн Банк нь Европын Холбоо, Монгол Улсын  Засгийн газартай хамтран иргэдэд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх, амьжиргааг дээшлүүлэхийн тулд төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаадаа баяртай байна" гэжээ.

Эх сурвалж: Дэлхийн банк 




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top