“Нинжа”-гийн армийнхан “Урт” нэртэй хуулийг өөрчлөхөөс илүү том аюул тарьж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Хөдөөгүүр үймээн самуун өрнөсөөр байна. “Нинжа” гэх содон нэртэй нийгмийн бүхэл бүтэн давхарга бий болсныг ч хэлэх үү. Тэд ёстой алж өгч байна, цаана чинь. Говь-Алтайд бараг хүн толгойтой болгон нь нинжа  болчихсон шороо ухахаас өөр юм хийдэггүй. Тэд гэр бүлээрэээ алт ухаж байгаа. Заамарт “Алтан Дорнод Монгол” гэгч аюул дагуулсан орос нөхрийн хаяж явсан газрыг нинжа нар булаацалдаад сүйд боллоо. Нутгийн захиргааныхан нь  нинжа нарынхаа эсрэг бүлэглэн босч тэмцэж байгаа гэнэ. Тэнд буутай бол буутай, хутга жадтай бол жадтай. Ер нь бүрэн зэвсэглэсэн гэж хэлж болохоор бүлэглэл ч бий. Баянхонгорт мөн ялгаагүй. Өвөрхангай, Архангай  гээд  хаана л бол хаана нинжагийн арми тугаа намируулан алхаж  явна. Уулын мухарт тэд алт ухахдаа хүн чанарын өчүүхэн ч гялаангүй болчихыг яана. Өөрөөр хэлбэл, ёс зүйн хэм хэмжээ гэж тэдэнд үгүй. Янханчлал, дээрэм, хулгай, юу л бол юу гарна. Байгалийн нөхөн сэргээлтийн талаар тэдэнтэй ярьснаас хөх тэнгэрт халин дүүлэх шувууд руу хашгирвал хамаагүй дээр бололтой. Ядаж л шувууд хаашаа дэвэн нисэхээ баримжаална. Хаана ч харьяалагддаггүй, хэнд ч захирагддаггүй нинжа нарыг зогсоох хүч үнэндээ алга байна. Гар нүцгэн хэдэн цагдаагаа аваачиж журам сахиулахыг оролддог  боловч олзны хойноос улангассан нинжа нар хүн алахаас сийхгүй. Цагдаа, нинжа  нарын хооронд бяцхан тулаан байнга үүснэ. Заримдаа буу зэвсэгтээ тулна. Иймэрхүү байдал Говь-Алтай, Увс аймагт үүсч байлаа.  Ер нь өнөөгийн төр засаг нинжа нарыг ийнхүү өөгшүүлсээр байх уу. Африкт 30 гаруй жил гар аргаар алт олборлосон хэрнээ хүмүүс нь өлөн ходоод, ноорхой хувцастай л үлдсэн шүү дээ. Тухайн үед эдийн засагчид тэднийг хараад шууд л “Аргагүй шүү дээ. Ямар ч зохион байгуулалтанд ороогүй, хар зөнгөөрөө алт ухаж, олсноо тэр дор нь үгүй хийж чаддаг ийм зэрлэгүүд хэзээ ч өөдлөхгүй. Эд нар бол нэгэн төрлийн нийгмийн амьтад. Тэгэхдээ бүр адгийн амьтад” гэж хатуухан хэлж байлаа. Монголын нинжа нар яг тэдэн шиг зэрлэгүүд.  Монголчуудыг  саяхан болтол говь, талдаа морь унаж давхисан зэрлэгүүд хэмээн дэлхийн соёлтонгууд шоолдог байсан. Одоо тэгвэл шороо ухдаг зэрлэгүүд гэж байна. Нинжа нарыг харуулсан нэгэн баримтат кино хоёр жилийн өмнө Америкт гарахад тэндхийн хүмүүс  мэл гайхсан гэдэг. Ийм хогийн амьдрал руу хэн хөтлөөд байна вэ. Зандаахүүгийн Энхболд гэдэг нөхөр УИХ-ын танхимд хэдэн жилийн турш нинжа нарыг хамгаалан “Эд нарыг амь зуулгатай нь үлдээх хэрэгтэй. Алтаа ухаад л амьдраг” гэж зүтгэсээр өнөөгийн ийм харанхуй руу нь түлхсэн. Уг нь хуулиар нинжа нарын алт ухахыг тас хориглож болох л байлаа. З.Энхболд Өвөрхангайгаас УИХ-д олон удаа сонгогдох гэсэндээ ийнхүү хөдөөгийн хэдэн бор залуус, өвгөд, хөгшдийг “Нинжа”-гийн арми руу зүглүүлсэн болов уу. Тэр “Нинжа” нарын үйл ажиллагааг журмаар зохицуулна гэж ухуулахад хөдөөгийнхөн учрыг мэдэхгүй түүнийг үхэн хатан дэмжиж эхэлсэн юм. Гэвч журам мурамд хэзээ ч захирагдах гарууд биш гэдгээ одоо нинжа нар баттай хэлж өгөөд байна. Тэднийг байгалийн нөхөн сэргээлт хий гэвэл аягүй бол өөдөөс буудахаас буцахгүй байдалд хүрч байгаа ажээ.

Яг өнөөдөр Борнуурын Сүжигт хайрхан ууланд нинжагийн арми, “Сентерра гоулд” компанийн хооронд тулаан өрнөж байна. Энд 200 гаруй өрх айл хамрагджээ. Тэд бичил уурхайн нөхөрлөл байгуулсан юм гэнэ. Тэгээд Сентерра гоулдын 610 га ашиглалтын талбайгаас 58 га-г нь авсан байв. Гэвч энэхүү талбай нь одоо “Гүнбилэг трейд” гэгч компанийн эзэмшил болжээ. Бүр анх уг талбайг “Бороо гоулд” эзэмшиж байсан байна. Ийнхүү хэдэн гар дамжсан талбайн лицензийн төлөөх тулаан эхэлжээ. Нинжа нарт талбайг эзэмших зөвшөөрлийг орон нутгийн захиргаа нь олгосон байлаа. Гэхдээ хувийн компанийн талбайг шүү дээ. Тэндхийн иргэдийн ярьж буйгаас үзэхэд далд эдийн засгийн мөнгөний урсгалд жилдээ нэг тэрбум орчим төгрөг ордог гэнэ. Өөрөөр хэлбэл, Сентерра гоулд, Бороо гоулд, нинжагийн армийн дундаас ийм их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц алт гадагшилдаг гэсэн үг.

Ер нь иймэрхүү л замаар монголчууд алтаа үгүй хийж байгаа юм. Нинжа нарыг гадаад, дотоодын компаниудаас илүү байгаль сүйтгэгчид гэж үзэх бүрэн үндэстэй.  Манайхны яриад байгаа сарны гадаргуу шиг болсон газар нутагтай үлдэхэд нинжа нар томоос том “хувь нэмэр” оруулж байна. Тиймээс гар аргаар алт олборлох хууль эрх зүйн тогтолцоог чангатгахаас өөр замгүй. “Урт” нэртэй хуулийг өөрчлөх гээд хэрүүл хийж суухын оронд нинжа нартай тэмцэх хуулийг санаачлан батлуулах хэрэгтэй байна.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top