ФАТФ: Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргахтай холбоотой шийдвэрийг ӨНӨӨДӨР гаргана

2020 оны 05 сарын 28

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын  "Саарал жагсаалт"- аас гарахтай холбоотой урьдчилсан  шийдвэр өнөөдөр буюу тавдугаар сарын 28-нд гарна гэдгийг өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар манай тайланд хийсэн дүгнэлт өнөөдөр орой юмуу 29-ний өдөрт багтаж гарна гэж мэдэгдлээ.

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн (АНДХБ)  хурлаар дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээрх зургаан  ажлыг танилцуулж хамгаалсан юм. 

Парис хотноо  хоёрдугаар сард болсон ФАТФ-ын ээлжит хуралдаанаар Монгол Улс нийт үүрэг даалгаврын  50 хувийг биелүүлж хангалттай үнэлгээ авсныг зарласнаар,  гурван ажил үлдсэн.

Гэсэн ч  Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ФАТФ-аас Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ийн үйл явцыг зогсоож, улс орнуудыг хянах явцыг дөрвөн  сараар хойшлуулсан.

Уг шийдвэрийг гаргах талаар манай улсад урьдчилан мэдэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдаас ФАТФ-ын ерөнхийлөгчид хандан Монгол Улс хяналтын үйл явцыг үргэлжлүүлэн, хийсэн ажлаа тайлагнах, хамгаалах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Ингэхдээ цахим хэлбэрээр хамгаалах тухай хүсэлт гаргасныг ФАТФ-ын ерөнхийлөгчөөс албан ёсоор хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн юм.

Санхүүгийн мэдээллийн албаны даргын   мэдээллээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл  ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлжээ.

 Монгол Улс АНДХБ-т  тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан байна.

Хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Хурлын үр дүн урьдчилсан байдлаар өнөөдөр буюу  тавдугаар сарын 28-нд гарч, ФАТФ-ын албан ёсны хариу  зургаадугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа аж.

“Саарал жагсаалт”-аас гарах ажилд холбогдох бүхий л төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын идэвх хүчин чармайлт чухал. Засгийн газраас Монгол Улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гаргах ажлын хэсэг байгуулсан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг. Эдгээр ажлын хэсэг болон зөвлөлд холбогдох төрийн бүхий л байгууллагууд байгаа. Ажлын хэсэг, зөвлөл тогтмол хуралдаж, холбогдох ажлын даалгаврын дагуу тодорхой төлөвлөгөөтэйгөөр маш эрчимтэй ажиллаж байгаа. Үлдсэн гурван ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод маань идэвхтэй хамтран ажиллаж байна гэж Б.Батбаатар мэдэгдсэн.

Хэрвээ ФАТФ-ын зургаадугаар сарын 24-25-ны өдрийн хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзвэл тусгайлсан ажлын баг гарган Монгол Улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргана.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээр шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх манай орны улс төрийн өндөр эрмэлзэл байгаа эсэхийг хянах үйл явц юм.

Европын холбоо Монгол Улсыг мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын тоонд хамруулаад байгаа.

Энэ нь 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлж буй. Түүнчлэн Европын парламентын шийдвэрээр стратегийн дутагдалтай улс орнуудын тоонд албан ёсоор багтахгүйн тулд “Саарал жагсаалт”-аас хурдан гарах ёстой болоод байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.21.100.210) 2020 оны 05 сарын 28

ta bidnii deer sandailsan luivarchdyn balag uugeer togtoxgui ee

0  |  0
Top