ОУВС-гийн дэмжлэгтэйгээр гурван жилийн хугацаанд хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүн өндөр байгаа нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна гэж Төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.
"Стэнд бай" биш Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсон нь үндсэн гурван шалтгаантай байсан. Гадаад төлбөрийн чадвар муудсан; төсвийн чадавхи муудсан; банкны систем, мөнгөний зах зээлийн асуудлыг шийдвэрлэхэд нэг хоёр жилд багтахгүй учраас энэ хөтөлбөрт орсныг санууллаа.
Уг хөтөлбөрийн хугацаа дууссаны араас Монгол Улс ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт орохоор талууд тохирч буйг тэрбээр хэлж байна. Нэг ёсондоо ОУВС-гийн хөтөлбөр шинэчлэгдэн үргэлжлэх юм.
Ирэх сард ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэр эцэслэгдсэнээр 99 сая ам.доллар Монголд орж ирэх аж.
Сануулахад, ОУВС Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрснийг Монголбанк энэ сарын 19-нд мэдээлсэн.
Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )