Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжил, харилцаа хандлага, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг анх удаа зохион байгууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжил, ур чадварын шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүд дөрвөн үе шаттай, мэргэжлийн шалгалт өгчээ. Өөрөөр хэлбэл, албан баримт бичгийн, онолын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага тодорхойлох гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэгээ шалгуулж, хувь ажилтны хөгжлийн түвшинд дүн тавиулав. Шалгалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох, нөгөө талаас, шалгалтад бэлдсэнээр өөрсдийн мэдлэг мэдээллээ сэргээж бататгах, шинээр сурч, мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх боломжийг нээхэд чиглэгдэж байна. Ингэснээр, цаашид хүний нөөцийн чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх, хүний мэргэжилтнүүдийг хэрхэн сургаж, боловсруулах зорилтоо тодорхойлоход ач холбогдолтой юм.
Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон боловсрол, сэтгэл зүйн чиглэлийн төлөөллүүд оролцож, шалгалтын материал, асуумжийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )