Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. 2020 оны Тэргүүний гэр бүлээр Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Ё.Батболд, Засварын хэсгийн засварчин Д.Энхмандал, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн токарьчин А.Отгонбаатар, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженер М.Оч-Эрдэнэ, Дулаан агааржуулалтын хэсгийн засварчин Н.Алтангэрэл, Өөрөө нунтаглах хэсгийн конвейрийн машинч Т.Цэцэгмаа, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Г.Эрдэнэ нарын гэр бүл тодорчээ.

Мөн тус цехийн удирдлагууд энэ өдөр Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөө хүүхдийн өрөөнд Бүжинлхам бурхан заллаа. Хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханыг Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин, шашны сургууль төгссөн бурхан урлаач Н.Эрдэнэбаяр бүтээсэн бөгөөд түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урамшуулал гардуулав. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн зээгт наамал урлал бүхий “Цагаандарь эх” бурханыг бүтээсэн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэг тэргүүтэй дөрвөн бүсгүйг мөн урамшуулсан юм. Түүнээс гадна энэ жил 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдээ цехийн удирдлага хүлээн авч, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сургамж ерөөлөө хайрлав.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top