Ц.Мөнхбаяр нарын морьтон “баатар”-ууд төрийн ордон руу таван удаа нум сумаар харван хөдөөг зориод нэлээд хэд хонож байна. “Гал үндэстэн” холбоо хэмээх тэдгээр морьтонгуудын өмнө луйврын компаниуд арга буюу өвдөг сөхөрч эхэлсэн гэнэ. Нутгаа чөлөөлөх тэмцэлд боссон “Гал үндэстэн”-үүд юун түрүүнд Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Пурам” компанийхантай очиж уулзав. Урьд нь Ц.Мөнхбаяр тус компаний машин техник рүү 20 гаруй удаа буудаж сануулга өгч байсан тул эзэд нь тун чих зөөлөнтэй угтжээ. Компаний удирдлага “Гал үндэстэн”-үүдийн “Нутаг орныг минь сүйтгэхээ больж, ажлаа зогсоо” гэсэн шаардлагыг хүлээн авснаа мэдэгдэв. Тус компани энэ оны 8 сарын 15-наас ашиглалтын үйл ажиллагаагаа зогсооно гэжээ. Мөн дараа нь Сентерра гоулд компанийхантай нүүр тулахад цаадуул нь бас л үг дуугүй бууж өгснөө илэрхийлсэн байна. Тус компаний Канад эзэн Жон Казакофф гэгч эр “Танай урт нэртэй хуулийг өөрчлүүлнэ” хэмээн улс төрчдийг лоббидож явсан юм. Гэвч тэр морьтон эрчүүдийн өмнө ийнхүү шалдаа буужээ. Ингээд “Гал үндэстэн” холбооныхон хөлгийн жолоогоо цааш залж Шарын гол дахь гадаадын дураар авирлагч компаниудтай “тулаан” хийхээр болов. Гэхдээ тэд ямар нэгэн хууль бус үйл ажиллгаа хийхгүй гэдгээ мэдэгсэн байна. Төр засгийнхан нь хийж чадахгүй гацчихаад байсан том ажлыг тэд ийнхүү эр зоригийн хүчээр амжуулж яваа ажээ.
Б.Отгонбаяр
Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )