Нийслэлийн хэмжээнд 27 асрах төвд 0-16 насны 870 гаруй хүүхэд хүмүүждэг. Харин тэдгээр хүүхдүүд 16 нас хүрээд хаачдаг талаар олон хүн асууж хариултыг нь олох гэж оролддог ажээ. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвийг зорьлоо. Тус төвийг анх 1974 онд Хүүхдийн төлөө фондын шийдвэрээр Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулж байжээ.
Ингээд бид хүүхэд багачуудын их өргөө болсон газарт ирлээ. Хашаан дотроо цэцэрлэгжүүлэлтийг маш сайн хийжээ, энэ төв. Тоглоомын талбай, элсэн хашаа, сүүдрэвч гээд бүхий л зүйлийг байгуулсан байна. Бүгчим халуун өдөр байсан учраас шууд л дотогш ортол сэрүүн уур амьсгал, хүүхдийн цангинасан дуутай хамт угтах нь тэр. Биднийг "Өнөр бүл" төвийн захирал М.Өлзийчимэг тосож уулзлаа. “Бид хүүхдүүдээ 16 нас хүрэхээр ар гэр нь боломжтой бол тэдэнд хүлээлгэн өгдөг. Хэрвээ эдгээр хүүхдүүд маань асрамжийн төвөөсөө явахыг хүсэхгүй байвал бид тэдний хүсэлтийг хүндэтгэдэг. Гэвч байрны хүрэлцээ муугаас олноор нь байлгах боломжгүй. Одоо манай төвд 16-21 насны гурван хүүхэд байна. Ер нь бол эдгээр хүүхдүүдийг төгсөхөд нь төрөөс орон байраар хангах тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аман дээрээ эрх мэдэлтнүүд үүнийг ярьдаг ч гэлээ хэрэгжсэн үр дүн алга. Бид энэ асуудлын талаар бүх л хурал зөвлөгөөн дээр хөндөн ярьдаг боловч анхаарч ажиллах хүн байхгүй байна” хэмээн ярьсан юм.
Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон асрамжийн газрын хүүхдүүдэд чиглэсэн хууль тогтоомжууд бий. “Төрөлжсөн асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам”-ын 2.2-т “Төрөлжсөн асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг хүлээн авна” хэмээн заасан байдаг. Гэвч тус хуульд тэднийг 0-16 нас хүртэл нь хүлээн авах тухай заасан ч 16 нас хүрснийх нь дараа ямар арга хэмжээ авах тухай зааж өгөөгүй байдаг нь дутагдалтай байгаа юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл авах гэсэн боловч манай байгууллага тодруулга өгөх боломжгүй гэлээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг ч ажлаа хийдүүлдэг төрийн байгууллагуудын бодит жишээ энэ юм.
"Өнөр бүл" төв төгсөгчдийнхөө хаана, хэрхэн амьдарч буй мэдээллийн санг бий болгосон байна. 1984-2016 оны судалгаагаар тус төвөөс 560 гаруй залуус төгсөж гарчээ. Үүнээс одоогоор 280 гаруй хүний мэдээллийг олж 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгааг тогтоожээ. Харин үлдсэн 280 хүний мэдээлэл олдоогүй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орноос эхлээд буурай оронд хүртэл асрамжийн төвийн хүүхдүүдээ нас биед хүртэл нь байлгах байрыг шийдэж өгсөн байдаг. Бидний хамгийн ойрын жишээ БНХАУ-д асрамжийн төвийн хүүхдүүдийг амьдралд хөл тавьтал нь байрлуулах боломжтой “Шилжилтийн байр” олон байдаг. Манай улсад “Шилжилтийн байр” байдаг боловч ердөө л 60 хүнийг хүлээн авах боломжтой. Энэ асуудлын талаар тодруулхаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ыг зорьлоо. Тус байгууллага 16-21 насны залуучуудыг хүлээн авдаг. Монгол Улсад энэ байгууллагаас өөр тэднийг хүлээн авах газар алга. Одоогоор тус төвд 54 хүүхэд амьдарч байна. Харин асрамжийн газрын төгсөгч бүр энэ байгууллагад хамрагдах боломжгүй ажээ. Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын эрхлэгч И.Оюунгэрэл “Манай төвд жилд 20-30 орчим өсвөр насны хүүхэд ирдэг. Тэдгээр залуусыг ажил амьдралтай нь хурдан залгуулахгүй л бол дараагийн хүүхдүүд ирж ачааллаа даахгүйд хүрдэг. Энэ тал дээр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар анхаарч ажиллах шаардлагатай ” гэж ярилаа. Монгол Улсад асрамжийн төвийг төгссөн хүүхдүүдийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга хариуцаж гэр орон, ажлын байраар хангах журам байдаг ч хэрэгжих нь бараг үгүй. Социализмын үед төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг төр хариуцлагатай гүйцэтгэж ямартай ч гудамжинд гарч ажилгүй болсон хүмүүс байдаггүй байжээ.
Энэ асуудлыг асрамжийн төвүүд өөрсдөө шийдэх боломжтой эсэх талаар судалж үзлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Дон Боско” асрамжийн газар нь дэргэдээ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Хүүхдүүд ЕБС-иа төгсөөд МСҮТ-д хүссэн мэргэжлээрээ сурч ахуй амьдралаа авч явах боломжтой гэх баяртай мэдээг сонсоод тус төвийн нийгмийн ажилтай Ц.Оюунчимэгтэй ярилцлаа. “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг асрах төвүүдэд тулгардаг гол асуудал нь “Шилжилтийн байр” яах аргагүй мөн. Бид 16 нас хүрсэн хүүхдүүдээ ар гэрт нь өгөхөөс биш өөр газар руу явуулж чаддаггүй. ЕБС-иа төгсөхөөр нь хүүхдүүдийнхээ саналыг харгалзан үзэж их сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургадаг. Ажил амьдралтай хөл залгаж мэргэжлээрээ ажиллах үед нь манай төвөөс гэр авч өгдөг” хэмээн хэлсэн юм.
Монгол Улсад эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлж, орчин нөхцөлтэйгөө дасан зохицож, биеэ даах хүртэл нь байлгах орон байрыг шийдсэн бодлого зохицуулалт үгүй байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь асрамжийн төвүүдийг чадавхжуулах явдал юм. Төгсөж байгаа хүүхдүүдээ ажилд зуучлан, гэр аваад өгөх чадалтай бол заавал шилжилтийн байр хэрэггүй хэмээн багш ажилчид үзэж байна. Тэдний гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх ажлыг өөрийнхөө хүүхэд шигээ өсгөсөн асрамжийн төвийнхөн л хийж чадах биз ээ. Иймд асрамжийн төвүүдэд төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөөд өгөх юм бол энэ асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Bolomj bl bgaa gevch erh medeltnuud hudlaa yridag n todorhoi . tuhailbol ene songuulid ursuldugchid ali n naad asuudlaar chin muriin hutulburtuu oruulsan ym ? Ta uuniig lav medehgui l bh . hii hooson amlalt bayjuulah l ym yrij haluuntai temaa shig salhi surch balairch yvaag harahgui bn uu?