Аянганы улмаас гарсан түймэрт хүн, мал өртөөгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Зүүн аймгуудын нутагт дуу цахилгаантай бороо орж, аянга буусны улмаас өнгөрсөн мягмар гарагт Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт дөрвөн түймэр гарсан байна. Улсын хилээс таван км-т буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Эмээлтийн тохой гэдэг газар аянга буусны улмаас хээрийн түймэр гарчээ. Мэдээллийн дагуу хилийн цэргийн ангийн алба хаагчид таван автомашинтай ажиллаж унтраасан байна. Мөн өдрийн 17:30 цагт Дорнод аймгийн Матад сумын Тойромын малын суурин гэдэг газар аянга бууж хээрийн түймэр гарчээ. Хилчид түймрийг цаг алдалгүй унтраасан ч хэдэн цагийн дараа тус газраас зүүн урагш 10-аад км-т Хонгорын овоонд дахин аянга бууснаас түймэр гарсан байна. Эдгээр түймрийг ойролцоо хилийн цэргийн албан хаагчид өнгөрсөн шөнийн 01:45 цагт бүрэн унтраажээ.Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдын зааг Бижигтийн толгой, Хар хорхойн энгэрт аянганаас хээрийн түймэр гарч Матад сумын нутагт байрлах “Петро Чайна Дачин” ХХК-иас урагш газар шатжээ. Түймрийг сумын иргэд болон “Петро Чайна Дачин” ХХК-ийн ажилчид, Сүхбаатар аймгийн ОБХ-ийн албан хаагчид өнгөрсөн шөнийн 04:00 цагт унтрааж, аюулгүй болгосон байна. Гэхдээ азаар аянганд хүн, мал өртөөгүй гэнэ. Иймээс иргэдийг дуу цахилгаантай борооноос сэрэмжлэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top