“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс улс орнуудын өрсөлдөх чадварыг 31 дэх жилдээ эрэмбэлжээ.
2019 оны тайланд Монгол Улс 63 улсаас 62-т эрэмбэлэгдэж байсан бол “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020”-д 61-т орсон байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн албан ёсны түнш байгууллагын хувьд 2010 оноос хойш Монгол Улсын мэдээллийг жил тутам нэгтгэн илгээхийн зэрэгцээ тухайн онд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлон хамтран ажиллаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжиж байна. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д дэлхийн 63 улс орныг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан өрсөлдөх чадварыг хэмждэг. Тодотгоход, энэ онд дэлхий дахинаа коронавирус цар тахлын улмаас хүнд нөхцөл байдал бий болж, улс орнуудын эдий засаг, хүмүүсийн амьжиргаанд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. Засгийн газруудын, эдийн засагчид, шинжээчдийн тааварт огт байгаагүй өөрчлөлтүүд гарч буй энэ үед өөрчлөлтүүдийг хэмжин хооронд нь харьцуулах, өнгөрсөн оны үзүүлэлтүүдээс хэр их өөрчлөлт гарсныг харах боломжийг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” мөн олгож буй аж.
Энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудын хэрэгжилтийг хэмжих, байгальд ээлтэй бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах талаар ямар ажлууд хийгдэж байгаа зэрэг нийгмийн сайн сайхан, экологийн тэнцвэрт байдлын талаарх үзүүлэлтүүд шинээр нэмэгдсэн юм байна. Судалгааны тайлангаас харахад өмнөх жилийн адилаар Сингапур улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн бол Дани хоёрт, Швейцарь гуравт, Нидерланд улс нэг байраар урагшилж дөрөвт, Хонконг гурван байраар ухарч тавд эрэмбэлэгджээ. Швед улс өнгөрсөн жилээс гурван байр ахиж зургаад, Норвеги долоод, Канад наймд орсон бол Арабын Нэгдсэн Эмират болон АНУ 9, 10-д тус тус эрэмбэлэгджээ. 2019 онд хоёрт эрэмбэлэгдэж байсан АНУ-ын өрсөлдөх чадвар найман байраар ухарчээ.
Өрсөлдөх чадвар нь сайжирсан буюу өрсөлдөх чадвар хамгийн сайн улс орнуудыг харахад эдийн засгийн чадамж сайтай, үүнд хөрөнгө оруулалтын орчин, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж сайтай байхын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн дэд бүтэц сайтай эдгээрт нэн түрүүнд анхаардаг улс орнууд байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв онцолж байна. Манай Монгол Улсын тухайд эхэнд хэлсэнчлэн харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-т эрэмбэлэгдлээ. Тухайлбал,
Өнгөрсөн жил 62-т энэ жил 61-т жагслаа гэхээр өрсөлдөх чадвар ахисан гэсэн үг. Гэхдээ өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 43.4 болж буурчээ. 2019 оны үзүүлэлт 45.1 байжээ. Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь “Засаглалын үр ашиг”-аар 53-т бичигджээ. Өнгөрсөн жил 59-д бичигдэж байв. Харин дэд бүтэц болон эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн хувьд өрсөлдөх чадвар буурсан байна. Монгол Улс 2019 оны байдлаар ДНБ-ий бодит өсөлтөөр дөрөвт, авьяас, ур чадварыг татах чадамжаар дөрөвт, ажилгүйдлийн түвшинг хүйсээр харьцуулсан үзүүлэлтийн хувьд нийт 63 орноос долоод, хэрэглээний татварын түвшингээр 11-т, татварын дараах орлогын түвшингээр 15-т гэх мэтээр сайн үзүүлэлтүүд байгаа ч экспортын төвлөрлөөр 63-т, зээлжих зэрэглэлээр 61-т, улс төрийн тогтворгүй байдлаараа 61-т, үнэ тарифын саад бэрхшээлийн түвшнээр 60-д, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээгээрээ хамгийн сүүлийн байрт буюу 63-д эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад Эдийн засгийн үр ашиг болон эрчим хүчний дэд бүтцийн хөгжлийн хувьд Монгол Улсын үндсэн үзүүлэлтүүд ахисан хэдий ч оюуны өмчийн бүртгэл, хамгаалал болон өндөр технологийг нутагшуулах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр хангалтгүй үр дүнг үзүүлжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
ugaasai 3.3 say hvntei asar tom nutagd tarhan suudag nvvdelchin mongolchuud yaj aj vildberjsen evropiin 40 garui oron deer azi amerikiin ondor hogjiltoi ornuudtai orsoldoj chadah yum be dee..
МАНАН устаагүй цагт юун өрсөлдөх чадвар байх билээ.