С.В.Паушокийн хэргийн талаар УИХ-д танилцуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Манай Засгийн газрын эсрэг ОХУ-ын иргэн С.В.Паушок, "Алтан Дорнод Монгол" ХХК,  "Востокнефтьгаз" ХХК-ийн нэхэмжлэл бүхий олон улсын арбитрын хэргийн талаар Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийхээр бэлтгэжээ. Энэ мэдээллийг өнгөрсөн баасан гарагт танилцуулахаар төлөвлөсөн ч хойшлуулсан байна. "Алтан Дорнод Монгол" ХХК-тай холбоотой олон улсын арбитрын хэргийн тухай танилцуулгад маргаан үүссэн нөхцөл шалтгаан, олон улсын арбитрын ажиллагааны талаар, С.В.Паушокт үүсгэсэн эрүүгийн хэргийн тухай бүлэг мэдээлэл танилцуулахаар бэлтгэсэн байна. Мөн "Алтан Дорнод Монгол" ХХК болон С.В.Паушокийн охин компаниудын татварын болон бусад өр төлбөрийн тухай мэдээлэлд дэлгэрэнгүй дурджээ. Дээрх олон улсын арбитрын хэргийн тухай дурдаад цаашид Засгийн газар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг танилцуулгад бичжээ. С.В.Паушок болон түүний компаниудын нэр дээр ашигт малтмал ашиглах нийт 48 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд эдгээрээс хэд хэдэн зөвшөөрлийг арилжааны банкуудын барьцаанд давхар тавьсан байна. Тухайлбал, "Анод" банкинд долоон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 20 тэрбум, "Зоос" банкинд хоёр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 134 сая, "Голомт" банкинд таван тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 8.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ. Иймд С.В.Паушокт хамааралтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй, компаниуд нь төлбөрийн чадваргүй болсон зэргийг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийг татварын өр төлбөрт тооцож төрд шилжүүлэх арга хэмжээ авах талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Ашигт малтмалын газар судлах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэ танилцуулгыг Ерөнхий сайдыг айлчлалаас ирэхээр УИХ-ын чуулганд танилцуулах бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top