Бэрхийн далд уурхайн музейн ажил өнөөдөр эхэлнэ

2020 оны 06 сарын 18

Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд ашиглалтад орох Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн ажил өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд эхэлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2020-2021 онд нийт таван тэрбум төгрөг төсөвлөснөөс 2020 онд 3.2 тэрбум төгрөг батлагджээ.

Уг батлагдсан төсвийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан аж.

Эдгээр ажлуудаас эхний ээлжинд өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд шалгарсан “Хос болор” ХХК, “Монэнергео” ХХК-тай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал энэ  сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 Үлдэж буй худалдан авах ажиллагаа /далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил/-ны нээлттэй тендер сонгон шалгаруулалт зургаадугаар сарын 21-ний өдөр дуусаж, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэрээ байгуулах аж.

Сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны дэд дарга С.Сүхбат хүлээн авч уулзаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зураг төсөл болон гэрээнд заасан хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж ажиллахыг чиглэл болгосон байна. Гэрээ ёсоор 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж улсын комисст хүлээлгэн өгөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top