Залгамж чанарыг өвлөсөн залуу уурхайчин

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Энэ удаа уншигч авхай таныг нэгэн залуу уурхайчинтай танилцуулах гэж байна. Түүнийг Батболорын Тэмүгэ гэдэг. Тэр ухаанаараа учгийн зангилаа тайлах үеэсээ  уурхайчны суу алдраар бахархах болжээ. Үүнд нь өссөн орчин, өхөөрдөн энхрийлэх аав, ээжийнх нь хайр өөрийн эрхгүй нэг л мэдэхэд уулыг нүүлгэх уурхайчин болох хүсэл тэмүүллийн сэжмийг төрүүлсэн гэх.  Өмнийн говьд өвөө, эмээ дээрээ балчир насаа үдсэн хөвүүн, Эрдэнэт хотод эрдэм ном сурах анхны шангаа татжээ. Түүний өвөө 93 настай Намхай гуай эдүгээ энх тунх амьдарч байна. Сайхан байгаа биз. Тэрбээр “Худлаа хэлж, хулгай хийж болохгүй. Аливаа хүнд хар буруу санах нь явдалд цөвтэй. Хорт муу зуршлуудаас хол яв гэсэн өвөөгийнхөө сургаалыг амьдралд мөрддөг гэнэ. Тэмүгэ Эрдэнэтийн тав, найм,14-р сургуулийг дамжин дүүргээд ОХУ-ын Москва хотын Уулын их сургуульд элсэн суралцаж уулын ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн байна. Тэр бага насныхаа гэгээн дурсамжийн талаар: “Украйнд жил гаруй хугацаанд амьдарсан тухай аав, ээж минь ярьдаг. Тэнд миний авга ах ажиллаж амьдарч байлаа. Энэ үеийг би бүдэг бадаг санадаг. Их цэвэрхэн хот. Хүмүүс нь найрсаг. Хар багын явдлаас мартагдахгүй сэтгэлд үлдсэн мөч байх юм. Тэр нь ирээдүйд гадаадад сурч боловсрох юмсан гэсэн бодол. Ийм хүсэл тэмүүллийг хар багад тэр цэмцгэр   хотын өнгө төрх надад олгосон санагддаг. Багадаа би уурхайчид хүдэр олборлоод дотроос нь яг юу гаргадаг талаар их боддог байлаа. Аав маань юу хийдэг юм бол гээд л эргэцүүлнэ. Аав болохоор, чамайг уулын ашиглалтын инженер болгоно гэхээр нь их урамшиж явлаа” гэв.  10 жил төгссөн хүүхдүүд мэргэжлээ сонгох гэж будилж төөрөх. Харин мань эр хар багын мөрөөдөл инженер мэргэжлээ сонгочихсон явжээ. Анх Москвагийн уулын их сургуульд найман монгол оюутан очсон байна. Эрдэнэтээс хоёулаа. Найз Очирбатын Энхбаяртайгаа хэлний бэлтгэлд суулгүй шууд нэгдүгээр курсийн оюутан болоод явчхаж. Үндсэн хичээл, хэлний шалгалтдаа тэнцсэн болохоор бэлтгэл ангид элсэхгүйгээр шийдвэр гаргасан нь энэ. Эхний зургаан сар орос хэл сурах гэж хөглөжээ. Багш нарын юу яриад байгааг ойлгохгүй, лекцээ тэмдэглэж авч чадахгүй хоёр байж. Тодорхой цаг хугацааны дараа толгой оюутнууд болсон гэх. Энэ нь гадаадад сурдаг оюутнууд аав, ээж ах дүүсээсээ хол болохоор биеэ даах чадвар суудаг. Өөрийн үзэл бодолтой болдог. Мөнгө санхүүгээ зөв зохицуулах, хувийн зохион байгуулалт гээд олон хүчин зүйл нөлөөлснийх. ОХУ-д эрдэм сурахаар явахдаа Эрдэнэт үйлдвэртээ эргээд ажиллах амлалт өгсөн аж. Мэргэжил эзэмшээд ирэхэд нь Монгол Улсын гавьяат уурхайчин Н.Бямбадорж Ил уурхайн даргаар ажиллаж байжээ.

Түүнд ажилд орох өргөдлөө орос хэл дээр бичин өгч мэргэжлийн шалгалтад тэнцэв. Энэ талаар дурсахдаа Н.Бямбадорж дарга, нэг боолтын 3D зураг гаргах даалгавар өгсөн. О.Энхбаяр бид хоёр нөгөө зургийг нь долоо хоног зурсан. Нэг өнцгөөс харуулсан зургийг төсөөллөөрөө бодит зураг болгох даалгавар байлаа. Ер нь их хэцүү зураг. Бид хоёрын олон янзаар зурсны аль ч хувилбар нь зөв байсан юм билээ. Тэгэхдээ бодит зураг нь арай өөр. Энэ даалгаврыг амжилтай гүйцэтгэснээр цехийн даргын үнэлгээгээр тэр Ил уурхайн босгыг алхсан гэнэ. Ингэж О.Энхбаяр найзынхаа хамт экскаваторын туслахаар ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэрээр экскаваторын туслах, чанарын мэргэжилтэн, диспетчер, уулын ашиглалтын инженерийн албан тушаалд богино хугацаанд дэвшин ажиллаж байна. Газрын хэвлийн баялгийг олборлож, ард түмэнд ашиг болгон өгөхийн төлөө уурхайчид ажилладаг. Байгаль орчинд ээлтэй, бусдад хүртээмжтэй, хамгийн бага зардлаар их ашиг олоход хүч хөдөлмөрөө зарцуулдаг мэргэжил бол уулын ашиглалтын инженер. Хүдрээ ямар аргаар яаж олборлох уу. Хамгийн бага хаягдалтай, хамгийн их ашигтайгаар яаж ажиллах уу. Хэдийд тоног төхөөрөмжөө шинэчлэх үү, гээд л үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн жигд явуулахын төлөө уулын инженерийн толгой байнга ажиллана. Миний бие сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэх болсноос хойш дарга, цэрэг олон л хүнтэй уулзаж учирч явлаа. Чингэхдээ хүмүүсийн нүүрний хувирал, үг яриа, үйл хөдлөл, юманд хандах хандлагаас хэн болохыг нь гадарлах болсон санагдана. Өөрөөр хэлбэл энэ хүн миний асуултад ийм хариу өгнө дөө, гэхэд хол зөрдөггүй юм. Энэ нь сэтгүүлчийн амьдралаас олж авсан туршлага. Харин инженер Б.Тэмүгэ залуу хүн гэхэд миний төсөөлснөөс эрс өөр нэгэн байв. Учир нь ааш зан нь эвдрээгүй, хүүхдээрээ. Хэлж ярих нь хэрсүү. Хүсэл тэмүүлэл нь оргилуун. Эрдэм боловсролтой ийм залуусаар бахархах сэтгэгдэл төрснийг нуух юун. Түүний хийж бүтээх ажил, амжилт ололт нь урд нь байна. Одоо зүтгэх нас, зорьсондоо хүрэх цаг иржээ, дүү минь. Тэр,  “Цаг үеэсээ хоцорч болохгүй, мэдлэгээ байнга дээшлүүлж яв. Ирээдүйг харж, шинийг сэтгэн ажиллаж байгаарай” гэсэн аавынхаа захиасыг санаж яваа нэгэн.

Зовох цагт ухаарал, жаргах цагт сэрэмж хэрэгтэй гэдэг нь энэ буй за. “Өөрийн ертөнцийг үзэх үзэл бодолтой. Түүндээ үнэнч байвал зорьсондоо хүрнэ. Хэн нэгний хэлснээр урваж шарвах хэрэггүй гэж боддог. Аливаа хүн мөрөөдөл, зорилгоо том тавих ёстой. Тэгж гэмээнэ бага, багаар тэр зорилго руугаа тэмүүлж хүрнэ. Өмнөө жижиг зорилт тавьсан тохиолдолд түүнд хурдан хүрнэ. Цааш мөрөөдөл нь ханачихвал утгагүй хийсвэр амьдрал угтана” гэж тэр ярилаа. Нас бага, цус шингэн энэ хүү урлагийнханд нийтлэг байх цагаан цайлган хөөрүү зангүй. Залуу хүн гэхэд төлөв төвшин. Үе, үеийн уурхайчдын залгамж халаа Тэмүгэ тэргүүтнүүд та бидний гэрэлт ирээдүй болохоор, тэднээс үг харамлах утгагүй санагдана. Гэвч сансарт нисгэх магтаал залуу хүнд өгч болохгүй, бордоо болохыг сэтгэн боддог хэн ч ойлгох буй за. Үүнийг үл умартан өгүүлэх минь. Эрдэнэт үйлдвэрийн уулын ажлын ирээдүйг хэрхэн харж байна вэ гэсэн асуултад: “Сүүлийн нэг жил гаруй хугацаанд уулын ажлын төлөвлөлтийн шинэ программ дээр ажиллаж байна. Манай уурхай өнөөгийн ашиглалтын түвшнээ дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бид тоног төхөөрөмжийн шинэчлэлийг сайн судлах хэрэгтэй. Ялангуяа залуучууд. Ижил төстэй уурхайнуудын туршлагаас суралцах ёстой. Инженер техникийн ажилчид энэ уурхайнхаа үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилттой ажиллах нэн чухал байна. Тэгэхээр сайн төлөвлөн ашиглалтаа сайжруулж, нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй. Одоогийн уламжлалт төлөвлөлтөөр явмааргүй байна. Шинэ технологи нэвтрүүлэн, төлөвлөлтийн шинэ гарц нээж гадаадын  өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийн туршлагаас суралцмаар байна. Учир нь бид алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Манай үйлдвэр 40 гаруй жил нэг технологиор сайн ажилласан ч энэ систем маань хоцрогдоод эхэлж байна. Наад захын жишээ гэхэд манай үйлдвэр карьераас хүдрээ шууд дундажлаж өгдөг. Бусад уурхай карьераас гаргасан хүдрээсээ дундажлаж өгөх жишээтэй. Өөрөөр хэлбэл дундын овоолготой ажилладаг. Тэгэхээр эрсдэлээ тооцож экскаваторын бүтээмжийг сайжруулахын тулд дундын овоолготой болох, төлөвлөлтөө шинэ арга барилаар хийх шаардлагатай байна” гэв. Залуу хүний цог заль хүсэл зорилго цаанаа л нэг өөр. Бодож тунгаах, сэтгэж ярих нь гаргууд. Хадуурагчид шиг амандаа орсныг чалчихгүй. Хаширлагчид шиг гишгэсэн мөрөө харж бөвтнөхгүй.

Хийж бүтээх ирмүүн хүсэлтэй, хэлж ярих нь эрс шулуун. Ийм л залуусын нэг Тэмүгэ. Уншигч та уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлах хэн нэгнийг магтлаа гэж бодуузай. Тийм биш. Залуу үе түрэн гарч ирж хөгжил дэвшлийг авчирдаг. Алдаанаасаа суралцаж, ажиллаж хөдөлмөрлөх залуу нас сайхан. Тэр уулын автоматжуулалтын  “Питрам” системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн жигд ажиллахад өөрийн хувь нэмрээ оруулсан аж. Албаны дарга, хамт олонтойгоо ярилцаад  “Питрам” системийг ашиглан хүдэр авалт, хүдэр өгөлтийн агуулгын хэлбэлзлийг багасгаснаар хүдрийн урсгалын хяналт эрс сайжирч ажлын бүтээмж дээшилжээ.

Тэр экскаваторын туслахаас газрын дарга хүртлээ ажилласан ааваасаа илүү ихийг хийх зорилт тавин ажиллаж байна. Аавынхаа нэр төрийг өндөрт өргөн явахыг хичээж, хийгээгүйг нь гүйцээх бодол тээж явна. Залгамж чанарыг өвлөсөн залуу уурхайчны үйлс өөдрөг байг ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top