...Араатан шинжтэй амьтдын дунд би тэгээд хүн юмуу...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Бямбаагийн Лхагвадорж

МЗЭ-ийн 80 жилийн ойд зориулсан анхны номын уралдаанд “Сар гуниглах анир” номоороо айргийн тавд давхисан, авьяаслаг залуу шүлэгч Б.Лхагвадорж Дорнын шаргал говийн унага бүлгээ. Түүний шүлгүүд гэгээн хайраар нэвт гэрэлтэж байдаг юм. Ууган номынх нь шүлгүүдээс уншигч танаа өргөн барилаа.

 

Гэгээн хайрын он жилүүд

Гэрэлт дурсамжийн хуудас ганц нэгээрээ эргэж

Гэгээн  хайрын минь он жилүүд эгшиглэсээр

Гэргий минь болоогүй бүсгүй инээмсэглэн ширтэж

Гэзгээр нь наадах салхи эртний анд шиг минь санагдана

 

Их хайрын зовлонгоор жаргаж учирсан бүсгүйчүүд

Итгэлийг минь эвдэж нэг, эвлүүлж нэг эрхэлсэн юм

Инээд нулимс сүлэлдсэн хоног өдрүүд минь алсархад

Сэтгэлд минь баяр гунигтайгаа мөнхөрсөн байна

 

Намайг гуниглуулсан бүсгүйчүүд минь

Наранд эрхэлж саранд дэлгэрдэг цэцэгс байсан

Намартаа хоргодсон ч хавартаа эргээгүй шувууд байсан

Нандин ариухныг чинь мэдэрсэн дээ, би

Нас насны чинь хөлд улирч хайрласан

 

Миний хайр

Хавар бударсан цас биш

Намар дэлгэрсэн цэцэг биш

Ая эгшиг бүхэнд нь гуниг шингэсэн

Ардын дууны амьтай билээ

 

Горь тасартал хүлээсэн үдшийн болзоогоо саналаа

Гомдох минь хүртэл гоё байж

Орь залуухан нас уйтай шөнөөр ганцаардахад

Одод шилгээн үүр цайдаг байж

 

Бударсан их гунигаар задарсан сэтгэлээ хумиарай гээд

Бурхад залуу байхдаа үдшийг бий болгосон байх

Сайхан учралаа хайрлаарай гээд

Саруулхан шаналлыг надад бэлэглэсэн байх

 

Нэрээр чинь нэрлэсэн газартаа

Нэг очиж, нэг хэсэг дурсдаг

Санагдахаас аргагүй

Сайхан хайрын он жилүүд минь...

Салхи хүртэл үнэрийг нь мартаагүй

Сай-хаан...

 

Хариулт хайгаагүй асуулт

/Хүмүүний аж төрөхийн өнгө төлөв хувираад  

Хүсэл мөрөөдөл цагийн зүүд болж ирэв, 

Хэлбэргүй амьдарвал ямар вэ.../ 

 

Дорно зүгт явсаар байхад өрнө зүгт хүрэх үү

Дотоод сэтгэлийн орон зайд хязгаар гэж байна уу

Хуримын өмсгөл зохидоггүй бүсгүй хүн байх уу

Худал үнэний хооронд ямар ч зай алга уу

 

Тунамал тэнгэрт хөвсөн хэрмэл үүлсийн чөлөөгөөр

Туулайн бүжин дэгдээд саранд хүрсэн гэв үү

Ангамал цөлийн дунд цангамал амь тэмцэлдэнэ

Араатан шинжтэй амьтдын дунд би тэгээд хүн юмуу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top