Техник технологийн ололт дэвшил, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн яваа олон нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрсөн нь харагдана. Үүгээр ч зогсохгүй мэдэгдэл ч хийлээ. Н.Энхбаярыг өдөр шөнөгүй мэдээлэл хийж байхад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга чимээгүй л байна, тэр цаг үеэ мэдэж мэдэрч байна. Би өнөөдөр сонгогчдод таалагдсангүй, таалагдаж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маргааш юу хийх ёстой вэ гэдгээ тунгаан суугаа биз ээ. Чингэлтэй дүүрэгт өрсөлдсөн Г.Уянга чимээгүй байна. Тэр яаж ялах тухай биш, юунаас болж ялагдав гэдгээ тунгааж байгаа байх. Сүхбаатар дүүрэгт өрсөлдсөн С.Эрдэнэболд нарын олон залуус чимээгүй байна. Харин Э.Эрдэнэжамъян нарын залуус цагийн байдлыг үнэлж дүгнэхгүй гомдсон хэдэн өвгөн дагаад гүйж байгаа нь харамсалтай. Орчин цагийнхаа салхийг дагаж, нийгмийн хандлагад нийцэж явах нь улстөрчийн том мэдрэмж, бас соёл юм. Ерөөсөө сонгогчдын хүсэн хүлээдэг зүйл нь энэ. Гэтэл энэ удаагийн мэдрэмжгүй нөхөд ямар олноор өрсөлдөв өө.
Ядахад дуучин С.Жавхлан шиг бай л даа. Тэр “Хар машин”-ыг зүхэж, техник технологиос хоцорч яваагаа бусдад гайхуулсангүй. Луйвардууллаа гэж өрсөлдөгчдөөсөө буруу хайсангүй. Гагцхүү өөрт нь итгэл үзүүлээгүй нутгийн зондоо хандаж бухимдлаа илэрхийллээ. Нийгэмд хортой зүйл биш, түүний бухимдах хамаа алга. Одоо ялсан нь ажлаа хийгээд, ялагдсан нь ялагдлаа хүлээгээд амьдралаа бодох хэрэгтэй. Аль эрт улс төрийн тэтгэвэрт суусан хэдэн өвгөн дагаж намираад байгаа залуусыг ч эргээд сонгогчид таалахгүй шүү гэдгийг дуулгая. Тэд бол та нарын дуу хоолой, хүчийг л ашиглах гэсэн хэрэг.
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч Х.Баттулга гомдогсдын төлөөлөлтэй уулзсангүй. Зөв гэж бодож байна. Сонгуульд унасан бүхэнтэй уулзаад явдаг Ерөнхийлөгч гэж байхгүй. Тэр ч өөрөө “Хар машин”-аар ялж ч явсан, ялагдаж ч явсан нөхөр. Харин Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаад “Маргаан гараад байгаа бол цаг алдалгүй арга хэмжээ аваад яв” хэмээн маргаантай тойрог дээр хяналтын тооллого хийхийг үүрэгдсэн. Энэ дагуу хяналтын тооллого явагдаж байна. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Үнэхээр ялалт байгуулсан юм бол олны өмнө гарч ирээд мэдээлэл хийж, эргэлзээг тайлах учиртай. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд, ялсан намын даргын хувьд үүнд байр сууриа илэрхийлж, эргэлзээг тайлах ажил зохион байгуулах учиртай. Хууль тогтоох дээд байгууллагын даргын хувьд ч мөн адил үүрэг хүлээнэ. Хүссэн хүсээгүй эрх баригч намыг маш олон зовлон тосон уулзаж байна. Бараг халгаад сууж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Нуруугаа харуулж буй сонгуулиар хууль бус зүйл цөөн бус гарлаа. Сонгогчдод мөнгөө тараах зорилгоор ажиллаж байсан, бэлэг сэлт өгсөн, саналд илтэд нөлөөлөх гэсэн зүйл ч гарсан бололтой. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн энэ явдлаа ч цэвэрлэж, дараа дараагийн үедээ хүлээлгэж өгөх ажил өнөөдрөөс эхлэх байх гэж сонгогчид харж байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ ялагдлаа нэгэнт хүлээн зөвшөөрч, анир гүмийг хөөв бололтой. Түүнд өөр арга байхгүй. Ж.Батзандан парламентад нэг ч суудал аваагүй учраас хариуцлагаа хүлээн, намынхаа даргын суудлыг өглөө хэмээн мэдэгдэж байгаа ч ялагдлаа эс хүлээн зөвшөөрч байгаа нь Н.Энхбаяртай хүзүү сээрээ холбосноос харагдана. Б.Жаргалсайханд бол хүлээх ч хариуцлагаа ч байхгүй. БНН хэмээх Төрийн бус байгууллага л түүний нэр дээр бүртгэлтэй байдгаас бус тэнд ямар гишүүн хэрхэн яаж ажилладаг гэдгийг хэлэхэд бэрх. Энэ мэт яахаас ч буцахгүй нөхдөд ард түмэн дүн тавьсан болохоос хэн нэгэнд бухимдаж, бусдыг гүтгэх шаардлага алга. Тэр тусмаа ард түмэн Б.Жаргалсайханд аль 2008 оны сонгуулиар дүнгээ тавиад явуулсан ч тэр өөрөө л ойлгохгүй өнөөдөрт ирсэн.
Ард түмний дүн, ялагдал, 2008 он гэхээр заавал нэг зүйл санаанд орно. Өнөөдөр хэвлэлийн индэр дээр гарч ирээд, ялалтаа эс зөвшөөрөн, ард түмнийг тэмцэлд дуудаж байгаа нөхөд хэн билээ гэдгийг ч санах хэрэгтэй. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар 2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр чухам ямар үүрэгтэй ажиллаж байсныг бултаараа мэднэ. Тэд ямартай ч ард түмэн минь үймээн дэгдээж болохгүй, амар тайван байхыг уриалж хэлээгүй. Гагцхүү өдөөн турхирч байсан нь хэвлэлийн архивт дүүрэн буй. Өдгөө өдөөн хатгаж суугаа Н.Энхбаяр энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тавын таван хүний аминд хүрэхгүй байх арга хэмжээ авчих өндөр эрх мэдэлтэй, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байсан хүн. Чухам юуны тулд ард түмэн, залуусаа талбай дээр гарч жагсая хэмээн өдөж хатгаж байгаа юм бол. Энэ Монгол Улсын муу муухайг, энэ ард түмний ядуу доройг, энэ нийгмийг шавар намагт унасан тухай ярьж суугаа Н.Энхбаяр тэргүүтнүүд өөрсдөө энэ нийгмийг ийм болгосон. Буруу байдаг бол өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Одоо энэ бүхнээ орхи. Амьдралаа бод.
Эрх баригчдын хувьд Засгийн газраа эмхлэн байгуулахаас эхлээд энэ төрд хийх ажил мундахгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заасан. Тодотгож хэлбэл, “Давхар дээл”-тэй дөрөвхөн сайд ажиллаж бусад нь гаднаас томилогдоно. Хуульд ийн заахдаа чиг үүргийн гэх мэтээр ангилж ялгасан нь үгүй учраас зарим салбарын сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлага ч байгаа харагдана. Засаг томилох эсэх “зодоон”, “нүдээн” ч гарах байх.
Стратегийн гол салбар болох уул уурхай, үүнтэй холбогдох зам, тээврийн салбарт шаваа тавьсан, эхлүүлсэн ажил олон бий. Монголын уул уурхайн салбар бол эдийн засагт голлох үүрэг хүлээдэг, үүнд ихээхэн хамаарал бүхий зам, тээврийн салбар байна. Юуны өмнө Газрын тос нэрэх үйлдвэрийн түүхэн ажил эхлээд ид дундаа явна. Үүнийг энэ Засгийн газраар дуусгуулах хэрэгтэй. Мөн Монгол Улсын эдийн засагт томоохон эргэлт болох Зүүнбаян, Таван толгой чиглэлийн 400 гаруй километр төмөр зам, Таван толгой, Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр зам гээд стратегийн том бүтээн байгуулалт байна. Үүнийг энэ Засгийн газраар цэг тавиулах учиртай. Стратегийн орд газар түшиглэсэн төрөл бүрийн хувьцаа, Монголын төдийгүй дэлхийн зах зээл дээр гаргах ажлыг цааш үргэлжлүүлэх шаардлага ч байна.
Тэр тусмаа ковидын үеийн эдийн засгийг хэрхэн цааш авч явах нь энэ Засгийн газраас ихээхэн шалтгаална. Ажиж байхад эрх баригчид сонгууль угтсан хэд хэдэн ажил явуулсан нь чамгүй хөрөнгөлөг харагдсан. Тэр тусмаа ковидын үед халамжийн чиглэлд явуулсан бодлогоо ч эргэн харах байх. Эрх баригчдын Мөрийн хөтөлбөрөөс харж байхад энэ салбарт олон ажил тусгажээ. Мал аж ахуйн салбарт бэлчээрээс эхлээд цэгцлэх ажил байгаа. Мөн өнгөрөгч хугацаанд Увс, Завхан, Говь-Алтай гээд олон аймгийн Нисэх буудлыг өргөтгөн, олон улсын стандартад нийцүүлсэн нь цаашид аялал жуулчлал хөгжихөөс эхлээд олон боломжийг нээсэн, энэ ажил цааш үргэлжлэх ёстой. Өдгөө ч хэл ам дагуулж байгаа Дарханы 204,11 километр зам, Говь-Алтайн 126.7 километр зам, Загастайн давааны 67 километр зам гээд олон ажил ид эрчтэй явж байгааг дуусгах. Загастайн зам, Алтайн зам ашиглалтад орвол Монгол Улсын бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдоно. Үүнийг дуусгах учиртай. Мөн хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт зам харгуйгаа засаад орхисон ажлууд, барилга орон сууц гээд мундахгүй олон ажил тэднийг хүлээж байна. Ажлаа бод.
Сэтгэгдэл ( 20 )
7-р сарын 1 нд Н.энхбаярыг бүү буруутга.тухайн үедээ ажлаа сайн хийсэн.ингэж бичихээр чинь Н.энхбаяртай адилхан улстөрийн өнцөгөөс гэж харагдаж байна.5 хүн буудахгүй байх боломжийг тухайн үеийн ерөнхий сайд С Баяр хийчих боломж байсныг зурагтаар юм үзэхэд харагддаг гэж би итгэдэг шүү.
Удахгүй Монгол Ардын Намын 100 жил болно. Улсаа яаж хөгжүүлсэн гэх вэ? Улс удирдаж авч явсан хүмүүст хэлэх үг юу байна.?
Яаж амьдрах гээд байгаа новшнууд вэ?
Ялагдсан нь улсаа бодож болохгүй юу?
Одоо хулгайч нартайгаа эвлэрээд амьдралаа бодоцгоо
Tiim sh dee amidralaa bod zvgeer
юундаа бухимдана вэ цар тахлын үед яаж амьдрах тухай дэлхий нийтээр бодож байхад та нар чгэсэн ялагдлаа хүлээж амьдралаа бод доо
нэгийг санаж хоёрыг амжуулмаар сайхан нийтлэл байна. Энхбаяр улам л өөрийгөө булшлах юм даа. энэ хүн улс төрд бүх насаараа шахам ажилласан гэхэд улс төрийн соёлд огт суралцаагүй ни харамсалтай санагдаж байна
Яг үнэн 2008 оны үймээн самууныг элбэгдорж жаргалсайхан батзандан магнай нар өдөөн турхирч 5 хүний амь насаар наадсан үүнд нь ял тооцох хэрэгтэй хэрэг хуучирдаггүй энэ нарт ард түмэн алв эрт дүнгээ тавьсан даанё ур эзнээ голохгүй юмдаа бас энхбаяр
Төр засагт олон жил орогношсон луйварчин бүлэглэлийг МАН адилхан луйврын аргаар дийлж гарч ирлээ л гэж найдаж өөрсдийгээ тайвшруулахаас өөр гарц алга. Хэрэв тийм биш бол хуучин мафийг дийлсэн эсвэл шинэ мафийн бүлэглэл ялалтаа тэмдэглэж байна
ИХ ХҮССЭН ЗҮЙЛ Ч ДЭЭ МАН-НИЙ ХҮСЭЛ ХЯЗГААРЛАШГҮЙ БАЙЛАА .САЙН ЮМ Ч АВЧРАХГҮЙ ДЭЭ.
Yaduu ard olon gej I”m l yaduu setgeltei baih yumdaa.odoo baychuud naadmaa hiine.yaduuchuud udriin hooloo olon geed tolgoigoo taraahaar haaguur yum naadam songuuli geed l suugaadaa!!!!!!
Зөв. Харин засагт ждүчдийг шургуулж болохгүй.
Chi durtaigaaraa trr uruu tul,tiim surhii uls amidralaa boddog i yum bop
Одоо засгийн газар ажилаа амжилттай эхэлж ажилд нь амжилт хүсэж сууна.
ЗА та нар удахгүй ядууралд автхаараа яахыг чинь харяа
ялагдлаа хүлээж,тахимаа өгч сурцгаая...\n
энхбаяр тэтгэвэртээ гарч ач зээгээ харна байгаа.
одоо урагшаа харж ажиллах хэрэгтэй. Сонгуультай холбоотой асуудлыг хууль тогтоох байгууллагад өгч шалгуулж шийдүүлдэг болцгооё
ЯГ ҮНЭН ЗҮЙЛ САНУУЛЛАА. .... ИРГЭД БИД Ч БАС МАРТААГҮЙ.... ОДОО АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ. УУР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЯЛАГДАГСАД БАЙГАА БОЛ БУСДАД ГАЙ БОЛОХГҮЙГЭЭР ГОВЬД ОЧООД ХООЛОЙГОО СӨӨТӨЛ ХАШГИРЦГАА................