Засгийн тогтвортой байдалд анхаарах уу, засаж залруулахдаа анхаарах уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Хяналтын тооллого хийж эргэлзээ арилав. Сонгуулийн ерөнхий хорооноос ялагчдад түр үнэмлэхийг нь гардуулж өгснөөр бүр ч сарнив. Өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр гомдогчдын дуулиан шуугиан нэгэнт алсарна. Одоо яах ёстой вэ гэдэг олон асуултад хариулт өгөх чөлөө завгүй өдрүүд эхэлж байна. Юуны өмнө сонгуулийн үр дүнд парламентын олонх болсон улс төрийн хүчнээс Ерөнхий сайд тодорч, улмаар танхимаа санал болгох байх. Өөрөөр хэлбэл анхдугаар чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилж таарна. Олны таамаглан харж байгаагаар өдгөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх улиран томилогдох болов уу. Намаа ч үнэмлэхүй ялалтын оройд гаргасан намын даргад энэ эрх нь нээлттэй учраас тэр сонгогдоно.

Харин шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу танхимын сайд нараа өөрөө томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аас дөрвөн сайд нь “Давхар дээл”-тэй бусад нь “Дан дээл”-тэй байна. Улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас эхлээд олон асуудал тосож уулзах ч юуны өмнө Засгийн газраа хэрхэн яаж байгуулахаас цаашдын хувь заяа ихээхэн хамаарна. Магадгүй олон бэрхшээл, даваа гүвээ угтана. Үүнийг эрсдэл багатай даван туулахад ухаалаг томилгоо, сахилга бат л чухал. Аль ч улс төрийн намд тохиолдох нэг зовлон бол засаглалын тогтвортой байдалд анхаарна. Анхаарахаас ч өөр аргагүй.

Уг нь юу юуны өмнө мэргэжлийн, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалт талаа харсан Засгийн газар байгуулбал илүү үр дүнтэй ч нам доторх олон фракцуудын зодоон нь эцэстээ засаглалын тогтворгүй байдалд нөлөөлдөг нь бичигдээгүй хууль. Эрх баригч намынхан хоёрхон жилийн өмнө 32:33-аараа хуваагдан “зодолдож” байсныг мартаж болохгүй. Шүүрдээд шүүрдээд “32-ын баг”-аас парламентад цөөн ч болтугай ороод ирсэн харагдана. Тэр тусмаа албан тушаалын төлөө улсаа мартах ч хүмүүс орж ирсэн.

Олноо “МАНАН” бүлэглэлийн хэмээн овоглогдсон ах нар хэдийгээр нэр дэвших эрхээ авч чадаагүй ч парламентын гаднаас турхирч таарна. Тэгэхээр үндэсний хэмжээний олон бүтээн байгуулалт эхлүүлсэн шалтгаан байгаа учраас ажлаа урагшлуулах танхим бүрдүүлэх шаардлага зайлшгүй бий. Нэг талдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёс”-оор бамбай хийж, “Хууль зарчим”-аар сэлмээ хийн байж Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын дарга болж байсан нь өчигдөрхөн. Өнөөдөр ч энэ л зэвсэгийн хүчинд олонхийн суудал авч чадав. Тэр ч утгаараа “Монгол Улсын төрд бугшаад буй хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ. Мафийг устгана, мэдээжийн хэрэг хүнд байх болно. Амиа алдахаас айхгүй” хэмээн индэр дээр гарч ирсэн хүн. Одоо энэ амбиц шинэ парламентын индэр дээрээс Монгол даяар цуурайтах төдийгүй хэрэгжих хэрэгтэй. Үүнийг үргэлжлүүлэхийн тулд ард түмэн итгэл үзүүлсэн. 

Шинэ Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай юм байна. Тэгэхээр хамгийн том аюул нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөх асуудал бий. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань нам бус ч АН угшилтай хүн. Эрх мэдлээ аль аль талд тогтоох туйлын хүсэл байгааг ч үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг амар суулгахгүй байгаа зэрэг шалтгаан ч Засгийн газрын томилгоонд илтэд нөлөөлнө.

Ерөнхийлөгч өөрөө гардан, тодорхой шалтгааны улмаас амь тавин зүтгэж байгаа Зүүнбаян, Тавантолгой чиглэлийн төмөр зам бол яах аргагүй үндэсний том бүтээн байгуулалт. Үүнийг урагшаа явуулах хүсэл нь түүнийг Засгийн газрын томилгоонд хошуу дүрэхээс өөр аргагүй байдалд хүргэнэ. Гэтэл 400 гаруй километр төмөр замыг санхүүжүүлж байж цааш явах учраас ахиад ч сайдын томилгоонд хошуу дүрэх хэрэг гарна гээд ухаж төнхөөд байвал олон асуудал бий. Өдгөөгийн Ерөнхийлөгчийг шударга ёсны талд зогсож байгаа гэж найдна. Гэхдээ Ерөнхий сайд энэ талд ч бодлоготой хандах шаардлага бий.

Тоос нь замхарч байгаа сонгуульд эрх баригч намаас олон нөхөд мандатгүй үлдсэн. Эх сурвалжийн хэлж байгаагаар заримыг нь “Нам ялахаар сайд бол” хэмээн тайтгаруулсан гэх. Өдгөө Шадар сайдаар ажиллаж байгаа Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, УИХ-ын дарга асан М.Энхболд нар сонгуульд өрсөлдөөгүй. Эх сурвалжийн хэлсэн шиг ямар нэгэн сайдын суудал амласан бол түүнээсээ татгалзах хэрэгтэй. Залуусын орон зайд анхаарал хандуулж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар лав улс төрийн тэтгэвэртээ суух цаг нь болсон. Тэд үнэхээр улс оронд хэрэгтэй, тодорсон хүмүүс юм бол Шадар сайдаа залуусын эгнээнээс тодруулаад Ө.Энхтүвшин нь зөвлөхөөр ажиллаж болж байна. Ч.Улаан нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөхөөр ажиллаж болно. Идэр залуу наснаасаа олон удаа дарга, сайдын суудалд заларч байсан ахмадууд маань энэ мэтээр залуустаа нөмөр нөөлөг болоод явах цаг нь ч болжээ. Шударга ёс тогтооно хэмээн М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгачихаад маргааш нь сайдаар оруулаад ирэх ч зохисгүй. Өнөөх л Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл аваад нэр дэвшиж чадаагүй нөхөд, зээл авсан ч нэрээ дэвшүүлсэн нөхөд гээд анхаарал хандуулах зүйл олон бий. Мөн өдгөө парламентад орж ирээд байгаа хэт нэр алдар хөөсөн залуусын өндөр санаархлыг ч хазаарлаж, Засгийн газрын ажил урагшаа явах учиртай. Ёстой л  засгийн тогтвортой байдалд анхаарах уу, засаж залруулахдаа анхаарах уу гэдэг том ажил У.Хүрэлсүхийн өмнө байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.5) 2020 оны 06 сарын 30

Ө.Энхтүвшин сайд шиг ажиллаж чадах хүн байхгүй. Зөв шийдвэр, зөв менежмент хийж чаддаг хүн

0  |  0
Zochin (202.55.188.82) 2020 оны 06 сарын 30

Zasag togtbortoi l baibal sain ba

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 06 сарын 30

Сайдын суудалд хадаатай юм шиг суух настангуудыг бас зөвлөх энэ тэр болгох гээд балайрав даа Хүүк минь ээ.

0  |  0
x(59.153.113.217) 2020 оны 06 сарын 30

jdy enxbayar, sodbaatar nar said xa xa

0  |  0
Zochin(202.126.89.238) 2020 оны 06 сарын 30

Zasj saijruulahdaa anhaarsan ne deerdee Hamgiin gol ne Evtei bol hychtei, hoorond ne yas hayej holduulah ne hend heregtei yum Be Mongolchuudiin hysel bol.lav bish

0  |  0
Irgen (70.181.127.87) 2020 оны 06 сарын 30

Manang zailuulah temcliig orhivol Hyrelsyh uuruu hench bish bolno doo.

0  |  0
Top