Ахмадууд зөвлөх үйлчилгээ үзүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтанд суусан баяжуулагч инженер В.Өлзийхутаг, Х.Байгавил, Засвар механикийн заводын токарьчин Ч.Мөнхжаргал нар төрөлх цехдээ эргэн ирж, залуу ажилтнууддаа зөвлөн тусалж, мэдлэг туршлагаа өвлүүлэн бүтэн нэг сар ажиллалаа. Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдсан юм. Аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь жилд 15 ахмадын төслийг сонгон шалгаруулж цалинтай ажиллуулдаг.

Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласан, өндөр ур чадвартай гурван ахмадаа энэхүү хөтөлбөрт хамруулав. Тэд Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводад 30 өдөр буюу 240 цаг ажиллаж, шинэ залуу ажилчдыг дагалдуулан сургаж, мэдлэг чадвараа өвлүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зөв дадал хэвшил олгохоор чин сэтгэлээсээ ажилласанд тус цехийнхэн талархаж байна. Төсөлд хамрагдсан ахмад мэргэжилтнүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан зардлын жишгээр ажилласан цагийн урамшууллыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас олгох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top