Эрдэнэтийн усан бассейныг Итали технологиор бүрэн шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Эрдэнэт үйлдвэр 2020 оны хөрөнгө оруулалтаар Спорт цогцолборынхоо усан санг Итали технологиор бүрэн шинэчилж засварлахаар болжээ. Мөн тус цогцолборын гурван давхрын их заалны засвар, “Хангарьд” сэргэлт бэлтгэлийн баазад 120 хүний багтаамжтай цайны газар шинээр барихаар төлөвлөсөн байна. Эдгээр ажлын зураг төслийг Зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн стандартад нийцэхүйц шийдлээр гаргаж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүлээлгэн өгснөөр тендер зарлахад бэлэн болжээ. “Эрдэнэтчүүдийн үйлчлүүлэх дуртай усан сангийн аюулгүй байдал, өнгө үзэмж, хэрэглэл материалыг Итали технологид нийцүүлэн хамгийн орчин үеийн шийдлээр хийнэ” гэж Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэр энэ жил Спорт цогцолбортоо гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийнэ. Их заалны засварыг гуравдугаар улиралд,  усан сангийн болон цайны газрын барилга тохижилтын ажлыг 11-р сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус ордныхон үйл ажиллагаа зогссон хорио цээрийн дэглэмийн үед өөрийн хөрөнгөөр сургалтын танхим, ажилчдын душ шинээр байгуулж, амрах өрөө, мастеруудын өрөө, 00-ийн өрөөнүүдэд урсгал засвар хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top